ДУНДГОВЬ: Гурвалсан гэрээнд хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой тусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-03 10:53:25
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ЭМГ-ын дарга, Сайнцагаан сумын “Өлзийт мандал” болон “Боржигон мандал” өрхийн ЭМТ-ийн дарга нартай гурвалсан гэрээ байгууллаа.  

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн жил бүр ийнхүү гурвалсан гэрээ байгуулж, гүйцэтгэлийг үнэлдэг.

Энэхүү гэрээнд эмнэлгийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтүүдийг илүү тодорхой тусгаж өгчээ.

Гэрээгээр өрхийн ЭМТ-үүд нь иргэдэд эрүүл мэндийн хяналт, дархлаажуулалт, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг,  нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тусламж зэрэг нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, тасралтгүй үзүүлэх үүрэг хүлээж байна.

2022 оны гурвалсан гэрээний гүйцэтгэлээр “Өлзийт мандал” ӨЭМТ 91,8, “Боржигон мандал” ӨЭМТ 89,6 хувьтай үнэлгээ авчээ.

Иргэдэд үзүүлж буй эмнэлгийн анхан шатны үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд өнгөрсөн жил Сайнцагаан сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар дээрх өрхийн ЭМТ-үүдэд 54,1 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн. Тодруулбал, "Өлзийт мандал" өрхийн ЭМТ-д 39,6 сая төгрөгийн геметологийн анализатор, автоклав, Анализаторын аппарат, эхо аппарат, эхо принтер, хатаах шүүгээ, ариутгалын тоног төхөөрөмж, "Боржигон мандал" өрхийн ЭМТ-д биохимийн аппарат, нярайн шарлалт хэмжигч багаж, шээсний ерөнхий шинжилгээний аппарат өгч, 14,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.  

Related news