Европ, Төв Азийн эртний хүмүүсийн генийг судалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-03-04 12:20:27

НОВОСИБИРСК. /RIA Novosti/. Олон улсын судлаачдын баг өнөөгийн Европ, Төв Азийн 14 улсын нутаг дэвсгэрт 35-5 мянган жилийн өмнө амьдарч байсан 356 эртний хүний генийг судалжээ.


Энэ нь олон улсын судлаачдын багийн анхны өргөн хүрээний судалгаа байсан бөгөөд уг багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын археологичид оролцсон талаар тус улсын Шинжлэх Ухааны Академийн /ШУА/ Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэн мэдээлжээ. Эрдэмтдийн судалгааны үр дүнг “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна.


Судалгааны багийнхан Тажикистаны Туткаул сууринд Неолитын (шинэ чулуун зэвсгийн) үед амьдарч байсан хүний ​​генийг тайлсан байна. Энэ газрыг судлах ажлыг Оросын шинжлэх ухааны сангийн дэмжлэгтэйгээр Сибирийн археологичид хийжээ. 


Европ тивд дээд палеолитын үед амьдарч байсан хэд хэдэн өөр хоорондоо ялгаатай археологийн соёлын олдвор бий. Гэхдээ эдгээр хүмүүсийн генетикийн ижил төстэй байдал одоо болтол тодорхойгүй байна. Европын янз бүрийн хэсэгт амьдарч байсан эртний хүмүүс нь хоорондоо генийн нягт холбоогүй байсан гэдгийг энэхүү генетикийн судалгаа харуулжээ.


Эрт үед Европын хамгийн өргөн тархсан соёлын нэг бол 32-24 мянган жилийн өмнө Баруун-Өмнөд, Төв болон Өмнөд Европын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан Граветтын соёл байв. Харин судлаачид эртний хүмүүсийн энэ популяци нь сүүлчийн мөстлөгийн оргил үеийн дараах энэ бүс нутгийн хүн амтай генетикийн хувьд холбоогүй болохыг тогтоосон байна.  


Цаг уур дулаарсны дараа ойролцоогоор 14 мянган жилийн өмнө Балканы хойгоос ирсэн эртний хүмүүс Италийн хойгт суурьшиж сүүл үеийн Эпиграветтийн соёлыг үүсгэсэн гэж эрдэмтэд үзэж байна.


“Энэхүү судалгаагаар Туткаул суурингийн хүний генийг тайлж уншиж чадсан бөгөөд дээд палеолитын үед Зүүн Сибирьт (Эрхүү муж ба Красноярскийн нутаг дэвсгэр) суурьшиж байсан эртний хүмүүстэй генийн хувьд холбоотой байсан. Түүнчлэн Туткаулын хүний генд шинэ чулуун зэвсгийн үед одоогийн Иран улсад амьдарч байсан болон эртний Туран бүс нутгийн хүмүүсийн шинж тэмдэг илэрсэн” гэж Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн институтийн ажилтан Светлана Шнайдер онцолжээ.


Ийнхүү Тажикистан дахь Туткаул суурингийн эртний оршин суугчийн генийн судалгаа нь Төв Ази бол үргэлж Европ, Азийн эртний хүмүүсийн шилжилт хөдөлгөөн сүлэлдэн холилдох гол цэг байсаар ирсэн гэдэг олон жилийн таамаглалыг баталж өгчээ.

 

Related news