ХӨВСГӨЛ: Хөвсгөлд 3.6-5.3 магнитудын хүчтэй 2 удаа газар хөдлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөө өглөө 2 удаа дараалан газар хөдлөв. Тодруулбал, өглөөний 5 цаг 30 минутад Рэнчинлхүмбэ сумаас 22 километрийн зайд 3.6 магнитудын хүчтэй, 9 цаг 18 минутад Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 87 километрийн зайд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Рэнчинлхүмбэ сумын нутагт болсон газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй байна. Харин Улаан-Уул сумын нутагт болсон газар хөдлөлт хүн амьдардаггүй хилийн бүс нутагт болсон бөгөөд Мунгараг, Хөгийн голд хаваржиж буй айлуудад хүчтэй мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй байна.
Хөвсгөл аймагт он гарсаар 8 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэний зургаа нь
Рэнчинлхүмбэ сумын нутагт болсон гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь
салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.