ДУНДГОВЬ: "Харилцан хүндэтгэе" аянд нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-06 15:43:19
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр "Харилцан хүндэтгэе" нэг сарын аяныг энэ сарын 1-нээс орон даяар зохион байгуулж байна.

Дундговь аймгийн хэмжээнд аяны үйл ажиллагааг дэмжин байгууллага, иргэд нэгдэж байна. Хамгийн түрүүнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь салбар, тус ТББ-ын гишүүд, дэмжигчид нэгдэж байгаагаа илэрхийлж, аяны үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин оролцохоо мэдэгджээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй тус аян “Надаас, танаас, биднээс эхлэлтэй” уриан дор эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, манлайлал болон өсвөр үеийн хүүхэд залуучуудын жендэрийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, цахим орчинд ялгаварлан гадуурхалтыг багасгах зорилготой юм.  

Аяны хугацаанд ямар үйл ажиллагааг зохион байгуулах талаар аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Цэвэлмаагаас тодруулахад “Тус аяны хүрээнд охид, хөвгүүдийн зөвлөлтэй хамтран ЕБС-ийн  сурагчдад жендэрийн талаарх нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, олон талын оролцоог хангасан телевизийн нэвтрүүлэг бэлтгэн гаргах, Олны танил хүмүүсийг оролцуулсан сурталчилгааны зурагт хуудас, видео контентыг бэлтгэх, хэвлэл мэдээлэл, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Мөн жендэрийн хэвшмэл ойлголтыг багасгахад чиглэсэн уран зургийн үзэсгэлэн зохион байгуулж, улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн уулзалт, ярилцлага зохион байгуулна” гэлээ. 

Related news