ӨМНӨГОВЬ: "Түмэн тэмээний баяр"-ыг олон улсад сурталчлан таниулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-07 16:22:39

Даланзадгад /МОНЦАМЭ/   Олон мянган жилийн туршид говийн байгаль, цаг агаарын хатуу ширүүн шалгарлаар тэсвэрлэн үлдэж жилийн дөрвөн улиралд  идээшиж, дасан зохицсон Монголын нүүдлийн соёл иргэншилд тохирсон, тал бүрийн өндөр ашиг шимтэй тэмээн сүрэг нь говьчуудын үнэт баялаг юм.


 

Өмнөговь аймгийн үе үеийн удирдлага, бодлого төлөвлөх эрх үүрэг бүхий хэн бүхэн говь нутгийнхаа бахархалт тэмээн соёлоо хөгжүүлж уламжлуулан өвлүүлэх, сурталчлан таниулах, ашиг шимийн үнэлэмж, тоо толгойг нь өсөн нэмэгдүүлэх чиглэлээр санал санаачилгатай ажиллаж, шат шатандаа тодорхой ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн юм.


Үүний нэг томоохон үр дүн нь уламжлал болон 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Түмэн тэмээний баяр” юм. Энэхүү уламжлалт баяр нь Монголын говийн өвлийн аялал жуулчлалын томоохон эвент үйл ажиллагаа болон хөгжиж байна. 

 

Тус баярын нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Тэмээн соёл, уяачдын холбооны тэргүүн, Засаг дарга, Р.Сэддорж, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн бодлогыг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Өмнөговь аймгийн хүндэт иргэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэн, Шадар сайд асан, Тэмээн поло холбооны ерөнхийлөгч, Гавьяат хуульч Ц.Оюунбаатар, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко нар оролцлоо.

 

 

Нээлтийн үйл ажиллагааг нээж, Өмнөговь аймгийн Тэмээн соёл, уяачдын холбооны тэргүүн, Засаг дарга С.Сэддорж хэлэхдээ, "Монгол Улс 465 мянга орчим тэмээтэй. Үүнээс Өмнөговь аймаг 170 гаруй тэмээн сүрэгтэй. Манай аймгийн 15 сумын малчид, тэмээчид бүгд тэмээн сүргээ өсгөн үржүүлж байна. Тус бүрдээ тэмээн холбоодтой. Тэмээний уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг. Энэ утгаараа манай аймагт тэмээн спорт, тэмээн соёл маш сайн хөгжиж байгаа. Энэ удаагийн тэмээний баяр их өргөн дэлгэр болж, олон төрлөөр тэмцээн уралдаан зохион байгууллаа. Монгол Улсын дөрвөн яам хамтран зохион явуулж байгаа нь онцлогтой. Хөрш зэргэлдээ тэмээ бүхий аймгууд хүрэлцэн ирж оролцож байгаа нь баярын цар хүрээг өргөн дэлгэр болгож байгаад нийт тэмээчдийнхээ өмнөөс баяртай байна" гэлээ.


 

Харин Соёлын яамны урлаг уран сайхны бодлого хэрэгжүүлэх газрын дарга Б.Сэргэлэн, "Өмнийн говьд 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа "Түмэн тэмээний баяр"-т ач холбогдол өгч маш олон хүн оролцож байна. Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран "Монголд зочлох" жилийн хүрээнд энэхүү үйл ажиллагааг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ач холбогдол өгч ажиллаж байна.

Говийнхны олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон тэмээн өв соёлыг цаашлаад Монгол Улсыг дэлхийд сурталчлах эвент үйл ажиллагаа бол "Түмэн тэмээний баяр" яах аргагүй мөн. Соёлын яамнаас хөтөлбөрт тусгагдсаны дагуу олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байна. Олон зуун жилийн хугацаанд говийн байгалийн хүнд хүчирт зохицон амьдарч аж ахуй, зан үйлдээ тэмээн сүргээ шингээн өдий хүртэл өсгөн үржүүлж, адгуулан маллаж уламжлуулан, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож чадсан Өмнөговьчууд та бүхнээр бахархаж байна хэмээн онцлон хэллээ.   

 

  

Дэлхийд хоёр бөхт тэмээн сүргийн тоо толгой эрс буурч 2000 оны үед 200 мянга хүрэхгүй болоод байсан юм. Энэ цаг үеэс монгол тэмээн сүргийг хамгаалах, өсгөн үржүүлэх төлөвлөгөт ажлууд өрнөж өдгөө 20 гаруй жилийн хугацаанд тоо толгойг нь даруй нэг дахин өсгөж чаджээ. Цаашид энэ үзүүлэлт тогтвортой өсөн нэмэгдэнэ хэмээн тэмээн холбооны мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн тоо толгойг 1 саяд хүргэх, сүү цагаан идээ, ноос, махны үнийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд нийлүүлэх ажлыг эрчимтэй хийх бодлогыг баримтлан ажиллана хэмээн Шадар сайд асан Тэмээн поло холбооны тэргүүн Ц.Оюунбаатар ярилаа.

 

Нээлтийн үеэр тэмээчдээ алдаршуулан эмнэг хангал сургалтын спортын мастерууд болон аймгийн алдарч уяачдыг шагнан урамшууллаа. Аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид баярын нээлт дээр уран бүтээлээ өргөн барьсан бөгөөд Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч, МУСТА С.Мөнхжаргалын тэмээн сүргээ магтан хэлсэн ерөөл гадна, дотны зочдод их хүрчээ.








Мөн уламжлал болгон зохион байгуулдаг "Сайхан тэмээтэй хос"-ыг шалгаруулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Тэмцээнд 10 гаруй хос оролцож уламжлалт үндэсний хувцас, чимэглэлээр хослон гоёжээ.  

 


“Түмэн тэмээ-2023” баярын тэмээн парадад дөрвөн аймгийн тэмээчдийн төлөөлөл 150 гаруй тэмээ, тэмээчид  оролцсон юм.


Баярын үйл ажиллагааг гадна, дотны жуулчид их үзэж сонирхсон бөгөөд хамгийн сонирхолтой нь тэмээн поло байсан тухайгаа тэд ярьж байна. Поло уралдаанд 10 гаруй баг тамирчид оролцлоо.



 


Америкийн Нэгдсэн Улсын Чикако хотын иргэн Маяа Вэнзигер:

Би монгол судлаач хүн. АНУ-ын Чикаго хотоос ирсэн. Монголд ирээд удаагүй. Тэмээний баярыг анх удаа үзэж байна. Монгол Улс уудам дэлгэр юм. Харин Монголын говь бүүр өргөн уудам цэлгэр, сэтгэл тэнийм үнэхээр сайхан таалагдаж байна. Бүх л зүйл сонин содон. Энэхүү эвент үйл ажиллагааг үзэж сонирхож байгаа. Хамгийн гайхалтай нь тэмээн поло тэмцээн байна. Монгол эрчүүд эр зориг, хурд авхаалж самбаагаа сорин өрсөлддөг тэмцээн байна үнэхээр сонирхол татлаа. Маш их баярлалаа.


 Америкийн Нэгдсэн Улсын иргэн Том оппер Вистор:

Миний нэрийг Том гэдэг. Би АНУ-аас Монголд өнгөрсөн 10 дугаар сард ирсэн. Говийн байгаль, тэр дундаа Монголын говийн тэмээн сүргийг үзэх гэж зорьж ирсэн. Үнэхээр жаргалтай байна.

Одоогоор би тэмээ унаж үзээгүй. Өглөө бид тэмээн полог анх удаа үзлээ. Тэмээн уралдааныг ч мөн үзсэн. Ер нь маш өргөн цар хүрээтэй, хөгжилтэй сайхан үйл ажиллагаа болж байна. Сэтгэгдэл өндөр байна. 

Related news