БАЯНХОНГОР: Хүн амын олонх нь эмэгтэйчүүд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-07 15:54:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан Баянхонгор аймгийн эмэгтэйчүүдийн талаарх статистик тоймыг хүргэж байна.


2022 оны жилийн эцсийн дүн мэдээгээр, Баянхонгор аймгийн хүн ам 89643 байгаа бол 50.7 хувийг /45453/ эмэгтэйчүүд эзэлж байна. Эмэгтэйчүүдийн тоогоор Эрдэнэцогт сум /2164/ тэргүүлдэг бол Хүрээмарал суманд хамгийн цөөн буюу 872 эмэгтэй бүртгэгджээ.


Аймгийн хэмжээнд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 3737 байгаагаас хөдөө 1207 нь амьдарч байна. Тэдний 2370 нь 3 хүртэлх, 1071 нь 3-5, 296 нь 6-аас дээш хүүхэдтэй.


2023 оны нэгдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд 135 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 24 төрөлтөөр өссөн дүн мэдээ аж. 


2022 оны тооллогын урьдчилсан дүнгээр 22.6 мянган малчин тоологдсоноос 10.0 мянга буюу 44.0 хувь нь эмэгтэй  байна. 


Жендэрийн эрх тэгш байдлын баталгаа улс төрийн намын өөрийн төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 25 хувиас доошгүй байна гэсэн заалт байдаг байна. Төрийн байгуулал, эдийн засаг, нийгэм соёлын хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг авч үзвэл, ИТХ-ын эмэгтэй төлөөлөл 12.1 хувь, сумын ИТХ-д 24.4 хувь байгаа нь аймгийн ИТХ-ын хувьд жендэрийн байдалд анхаарууштайг харуулж байна. Харин аймгийн ЗДТГ-ын бодлогын хэлтэст эрэгтэй, эмэгтэйн харьцаа 50, 50 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт аж. Сумдын хувьд ч 45, 55 харьцаатай байгаа нь Баянхонгор аймгийн төрийн албан дахь Жендэрийн тэгш байдлын харьцаа боломжийн түвшинд байгаа гэсэн үзүүлэлт юм байна.


Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн Жендэрийн тэгш байдлыг авч үзвэл, 2008-2012 онд эрэгтэйчүүд 87 хувь, эмэгтэйчүүд 13 хувийг эзэлж байсан бол 2012-2016 онд эрэгтэй 85 хувь, эмэгтэй 15 хувь, мөн 2016-2020 онд эрэгтэйчүүд 75 хувь, эмэгтэйчүүд 25 хувийг эзэлж байсан бол 2020-2024 онд эрэгтэй 36, эмэгтэй 5 болж, эмэгтэй төлөөлөгчийн хувь буурчээ.

Related news