ЗАВХАН: Нийтийн их цэвэрлэгээний ажилд 11 сая гаруй төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-13 16:21:21

Улиастай/МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх сард хийнэ.

Өнгөрсөн жил Завхан аймгийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг хавар, намрын улиралд нийт гурван удаа зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд нийт 23552.1 га талбайгаас 12050.7 тонн хог хаягдал цуглуулж, цэвэрлэсний 6560 га талбайн 3242.5 тн хог хаягдлыг улсын болон орон нутгийн чанартай авто зам дагуу газраас цэвэрлэжээ.

Харин 9553 га талбайн 5150 тн хог хаягдлыг голын ай сав дагуу газраас, 7439.1 га талбайн 3658.2 тн хог хаягдлыг бусад газраас цэвэрлэж, 11,780,015 төгрөгийг зарцуулсан. Хавар намрын бүх нийтийн их цэвэрлэгээгээр 650 аж ахуйн нэгж, албан байгууллагын 6583 гаруй албан хаагч, 4867 иргэний оролцоотойгоор бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулсан байна.


Мөн малын гоц халдварт өвчнөөр эндэж устгалд орсон 1543 мал, тохиолдлоор эндсэн 332 малын сэг зэм, 800 бүртгэлгүй буюу золбин нохой, муурыг устгасан байна. Аймгийн хэмжээнд, 7384 нүхэн жорлонгийн 45436,148 м2 талбайг ариутгажээ.

Харин энэ жилийн хаврын их цэвэрлэгээг ирэх сард хийхээр төлөвлөж байна. Хаврын их цэвэрлэгээг эрт хийх нь чухал юм. Ялангуяа голын ай сав дагуух газруудад их цэвэрлэгээ хийснээр эрүүл ахуй талаасаа болон гол усыг бохирдуулахаас сэргийлдэг. Оршин суугаа газрынхаа болон нийтийн эзэмшлийн зам талбай дахь хог хаягдлыг газар гэсэхээс урьтаж цэвэрлэснээр хөрсний бохирдлоос сэргийлээд зогсохгүй, халдварт өвчний тархалтыг бууруулах боломжтой юм. Амьдарч, ажиллаж буй газар орныхоо тав тух, цэвэр орчныг буй болгох нь ганц Тохижилтын байгууллагын үүрэг бус, хүн бүхний оролцоо, тэдний идэвх чармайлтын үр дүнгээс шууд шалтгаалдаг гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


Аймгийн БОАЖГ-аас өнөөдрийн байдлаар хог хаягдал орчны бохирдлыг бууруулах талаарх сурталчилгааны 33 ширхэг самбарыг шинээр байршуулж, хог хаягдал зориулалтын бус хаясан, асгасан 12 удаагийн зөрчлийг арилгуулж, заавар зөвлөмж өгчээ.


Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр хог хаягдал шатаах дунд оврын зуухыг Цагаанхайрхан суманд хүлээлгэн өгсөн. Харин Алдархаан сумын “Таван чих”-ийн аманд “Аюултай хог хаягдал түр хадгалах агуулах”-ын барилгын ажлыг өнгөрсөн онд эхлүүлж, барилгын ажил 90 гаруй хувьтай байна. 

Related news