БУЛГАН: “Аяллын хоггүй аймаг” болох албан даалгавар гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-14 08:55:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ жил “Аяллын хоггүй аймаг” болох Засаг даргын албан даалгавар гаргалаа.


“Монголд зочлох жил" болон "Эрүүл аюулгүй-цэвэр орчин" бүрдүүлэх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгавар, “Аяллын хоггүй аймаг” болох зорилтыг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын албан даалгаврыг гарган сумын Засаг дарга нарт хүргүүлэн цэвэрлэгээний ажлыг эхлүүлжээ. Энэ талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн М.Алтанцэцэг:

-Хог хаягдлыг цэвэрлэх, нүхэн жорлон буулгах ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлыг Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Булган зэрэг аялал жуулчлалын маршрут дагуух сум хэрэгжүүлэн эхний ажлаа эхлүүлээд байна. Рашаант суманд улсын болон орон нутгийн чанартай зам дагуу хог хаягдлаа цэвэрлэж, 10 тонн хогийг төвлөрсөн цэгт буулгасан. Хөгнө-Тарны тусгай хамгаалалтай газрын захиргаатай хамтран аялал жуулчлалын зам дагуух нүхэн жорлонг буулгаж, стандартын бие засах газар барих талаар тэр бүсэд үйл ажиллагаа явуулдаг 13 иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгууллаа гэж ярилаа.

Хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулж, бүх нийтийн цэвэрлэгээг сар тутам зохион байгуулах, улсын болон орон нутгийн зам  дагуу байрлах нийтийн эзэмшлийн талбай болон аялал жуулчлал, амралт, худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөрсөнд нэвчдэг нүхэн жорлонг буулгах, хөрсийг нөхөн сэргээх арга хэмжээ авах, аялал жуулчлалын бүс нутаг дахь уул овооны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар албан даалгаварт заасан байна. Мөн төв суурин газрын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах талаар даалгажээ.

Related news