БАЯНХОНГОР: Ахмадууд "Энэ жилдээ Эрүүл жиндээ" аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-14 12:40:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Энэ жилдээ Эрүүл жиндээ" аянд Баянхонгорынхон нэгдэж байна. Энэ хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар Баянхонгор сумын Ахмадын хороотой хамтран ахмадуудад аяны үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл ахмадуудад аяны үйл ажиллагаа, дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар мэдээлэл хийсэн. Мөн үеэр Нэгдсэн эмнэлгийн хөдөлгөөн засалч Б.Алтансүх ахмадуудад тохирсон  дасгал хөдөлгөөнийг заасан бөгөөд амьдралын хэвшил болгохыг уриалсан байна.


Таргалалтаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, сэргийлэх  зорилготой "Энэ жилдээ Эрүүл жиндээ" аяныг орон даяар гурван сарын хугацаанд өрнүүлэх бөгөөд аяны албан ёсны нээлт энэ сарын 15-ны өдрийн 11.00 цагт аймгийн Баганат талбайд болох юм.


Хүн амын дунд илүүдэл жин 30.9 хувь, таргалалтын тархалтын түвшин 18.5 хувь, үүнээс 53 хувь нь хэвлийн таргалалттай байгааг албаныхан танилцуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн дунд 18.1 хувь нь таргалалттай, 5 хүүхэд тутмын 4 нь өдөр бүр чихрийн хэрэглээг хэтрүүлэн хэрэглэдэг, 41.8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг, 38.5 хувь нь өглөөний цайгаа тогтмол уудаггүй зэрэг амьдралын буруу хэв маяг нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг буй.


Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих зорилгоор олон талт үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж байна.

Related news