БАЯН-ӨЛГИЙ: Сүүлийн 60 жилд нас баралтын түвшин 2,5 дахин буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-15 10:31:29

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн оны байдлаар 1000 хүн тутамд ногдох нас баралт буюу нас баралтын ерөнхий коэффициент 4,6 байна. Энэ нь улсын дунджаас 1,6 пунктээр доогуур үзүүлэлт аж.


Нас барагсдыг хүйсээр нь ялгаж үзэхэд 59,2 хувийг нь эрэгтэйчүүд, 40,8 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байгаа. Эмэгтэйчүүдийн 78,5 хувь, эрэгтэйчүүдийн 68,2 хувь нь гэртээ болон эмнэлэгт нас баржээ. Эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад хээр, гадаа, ажил дээрээ, тээврийн хэрэгсэл гэх мэт газруудад илүү нас барж байгаа нь статистикийн тоо баримтаас харагдаж байна.


Нас баралтын өнөөгийн түвшнийг 60 жилийн өмнөхтэй буюу 1963 оныхтой харьцуулахад 2,5 дахин буурчээ. Тухайлбал, 1963 онд Баян-Өлгий аймаг нь 47,8 мянган хүн амтай, 1000 хүн тутамд ногдох нас баралт 11,8 байжээ. Энэ үзүүлэлт 1963 оноос 2000 он хүртэл тасралтгүй буурсаар сүүлийн 20 жилийн хугацаанд нас баралтын ерөнхий коэффициент 4-6 буюу бага түвшинд тогтворжсон аж.


Нас баралтыг бууруулах тусгайлсан бодлого байдаггүй ба эрүүл мэндийн бодлогоор дамжуулан нас баралтын түвшинд нөлөөлдөг. Тус аймгийн хувьд сүүлийн 60 жилийн хугацаанд нас баралтын түвшин буурсан нь ард түмний аж байдлыг дээшлүүлэх, эрүүл мэндийг сайжруулах зорилгоор төр, засгаас авч хэрэгжүүлсэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөө нутагт амьдардаг ард иргэдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээ сувилгааны ажлын чанарыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авсан нь нөлөөлсөн гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

Related news