ТӨВ: Сумдад ажиллах багш нар ховор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-15 11:33:20

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд энэ жил 27 суманд 32 сургууль, 872 багш, 18000 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2022 оны хичээлийн шинэ жилийн үеэр дутагдалтай багш 38 байсан бол 2023 оны нэгдүгээр сарын байдлаар 48 болж нэмэгджээ. Иймд багш нарын нөөц, нийгмийн хангамжийн талаар Төв аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын дарга Ц.Нарантуяагаас тодрууллаа.

“Хичээлийн шинэ жил эхлэх үед 38 багш дутагдалтай байсан хэдий ч шилжилт хөдөлгөөн, гадны улсыг зорих гэх мэт асуудлаас болж 24 сургуульд 48 багш өнөөдрийн байдлаар дутуу байна. Үүнээс бага ангийн багш хамгийн их буюу 13, математик, физикийн багш 11, хими биологийн багш 5, гадаад хэлний багш 4, монгол хэл, уран зохиолын багш 2, мэдээллийн технологийн багш 2, хөгжмийн багш 2, түүх газарзүй, технологийн багш тус бүр нэг дутуу байгаа бөгөөд түр ажлын байрыг оролцуулан тооцвол багшийн орон тооны нөхөлт 99,5 хувь байна.

Багшийн орон тоо дутагдалтай байгаа гэдэг шалтгаанаар аливаа хичээл завсардах, огт орохгүй байх асуудал байхгүй. Бид аль болохоор нэг мэргэжлийн багшийн хичээллэх цагийн хуваарийг нэмэх, ингэхдээ цалин урамшууллыг нь зохих ёсоор нь олгох, зарим тохиолдолд гавьяаныхаа амралтыг авсан багш нарыг түр ажиллуулах байдлаар зохицуулж байна.

Сумдад ажиллах сонирхолтой багш нар ховор. Аймаг орон нутгийн зүгээс нийгмийн хангамж баталгааг сайжруулах чиглэлээр өөр нутаг орноос ирж буй багш нарыг байр орон сууцаар хангах, өвлийн идэш зэргийг бэлтгэж өгөх байдлаар дэмжлэг үзүүлдэг. Харин Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс орон нутагт ажиллаж байгаа багш нарт таван жил ажилласны урамшууллыг олгож байна.

Мөн сайн багш нарыг бэлтгэхийн тулд судлагдахууны арга зүйчдийн хэрэгцээ шаардлага их байдаг. Судлагдахууны арга зүйч нарт 5-аас дээш жил тус мэргэжлээрээ багшилсан байх гэх мэт шаардлага тавьдаг. Гэтэл арга зүйч нарын цалин хөлс багш нарынхаас бага байдаг тул арга зүйч хийх сонирхолтой мэргэжилтэн байхгүй болж байна. Өнөөдрийн байдлаар манай газарт л гэхэд бага боловсрол, хөгжмийн боловсрол, дизайн технологиийн судлагдахууны арга зүйч байхгүй. Зааж чиглүүлэх, зөвлөгөө өгөх мэргэжилтэнгүй байгаа нь боловсролын чанарт бас нөлөөлөх вий гэхээс эмээж байна” гэв. 

Related news