БАЯН-ӨЛГИЙ: Цамбагарав уулын аяллын маршрут

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-16 14:29:07

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт ирсэн гадаад, дотоодын аялагчдын очих дуртай газруудын нэг бол Цамбагарав уул юм. Цамбагарав уул нь Монгол Улсын гурав дахь өндөр уул бөгөөд Алтай Таван богд (Баян-Өлгий), Мөнххайрхан (Ховд) уулын дараа ордог. Үндсэн хоёр оргилтой. Өндрийг нь Цаст (далайн түвшнээс дээш 4298 метр), нөгөөг нь Цамбагарав (далайн түвшнээс дээш 4195 метр) гэдэг.


Тус уулыг урьд цагт өөлдүүд Цаст хэмээн нэрлэдэг байжээ. Нэгэн уран дархан уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж, Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбагарав хэмээн нэрлэсэн гэдэг яриа ч бий. Харин Баян-Өлгий аймгийн урианхай иргэд "Гурван цастай богд" хэмээн нэрлэдэг байсан гэдгийг соёлын өв тээгч, тус аймгийн Алтанцөгц сумын өндөр настан Н.Самьяа гуай хэлж байсан. Цамбагарав хайрхныг магтан дуулсан урианхай түмний "Гурван цастай богд" хэмээх уртын дуу ч байдаг аж.


Байршлын хувьд аймгийн төв Өлгий хотоос 90 км орчим зайд, тус аймгийн Баяннуур, Алтанцөгц, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумдын заагт оршдог. Уул руу аймгийн төвөөс Өлгий – Толбо нуур – Бураатын даваа – Намаржингийн хөндий – Цамбагарав (120км), Өлгий – Хүйтний хөтөл – Алтанцөгц нуур – Хаг нуур – Намаржингийн хөндий – Цамбагарав (90км) гэсэн үндсэн хоёр маршрутаар очиж болно.


УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор байгалийн өвөрмөц тогтоц, экосистемийн онцлог төрх, байгалийн үзэгдэл, ховордсон ан амьтдыг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах зорилгоор Цамбагарав уулыг 113838 га талбайгаар улсын тусгай хамгаалалтад авсан.  


Энэ уулаар аялж буй хүмүүс Намаржингийн хөндийд очих дуртай байдаг. Учир нь энэ хөндийд 3 дугаар сарын эхэн үеэс 8 дугаар сарын сүүл хүртэл хэдэн арван казах, монгол айлууд хаяа дэрлэн зусдаг тул тэдний ахуй амьдралыг нэг дор үзэх боломжтой. Бүргэдтэй казах айлууд ч олон тааралддаг. Мөн тухайн газраас Цамбагарав уул маш үзэсгэлэнтэй харагдана.


Намаржингийн хөндийн ойролцоо нүүдлийн шувууд чуулсан Хаг нуур, Олон нуур, Хонгор өлөнгийн гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой. Цаст уулын хойд бэлд Таван бэлчрийн голын хавцалд 7 метр өндрөөс унах хүрхрээ ч бий. Цамбагаравын цаст уулнаас Ямаат, Цэцэгт, Мараа, Сагдуул, Цагаан гол, Өмнө гол зэрэг их, бага арваад гол эх аван урсаж Ховд гол цутгадаг. 

Related news