ӨВӨРХАНГАЙ: Малын эрүүл мэндэд онцгой анхаарах чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-16 16:59:58

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн салбарын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгж, төрийн албан хаагч зэрэг 70 гаруй хүн оролцож, салбарынхаа цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар санал солилцов.


Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж үг хэлэхдээ “Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мах экспортлох чиглэлээр олон боломж нээгдэж байна. Гэтэл олон улсаас Монгол орны малыг эрүүл байх шаардлага тавьдаг. Манай малчид малаа эрүүлжүүлэхдээ зах зээлээс дурын эм, тариаг авч малдаа өгдөг нь малын эрүүл мэндэд харин ч сөрөг, хортой нөлөөг үзүүлж байна. Малчдынхаа энэ сэтгэхүй, хандлагыг өөрчлөхөд малын эмч та бүхний үүрэг, оролцоо хамгийн чухал байна” хэмээгээд малын эм, тарианы үнийг хөөрөгдөхгүй байх, чанартай, баталгаатай эм тариагаар хангахад онцгой анхаарах чиглэл өглөө. Мөн сумандаа малын тоо толгойн татварыг малаа эрүүлжүүлэхэд зарцуулж болохыг сануулсан юм.


Аймгийн хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээний 45 нэгж ажиллаж байна. Малын эмч нарын зүгээс олон санал хүсэлтийг тавьсан бөгөөд энэ чиглэлээр ажилладаг ААН, хувь иргэний тархай бутархай байдлаас болж, мал эмнэлгийн салбар хөгжихгүй байна, Мал эмнэлгүүд нэгдэж, нэг бодлого, нэг удирдлага, нэгдмэл байдлаар ажиллавал илүү үр дүнтэй гэх саналыг хэлж байлаа.

Related news