БАЯНХОНГОР: Үндэсний энгийн цахим гадаад паспортыг олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-17 10:53:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Үндэсний энгийн цахим гадаад паспортыг улс орон даяар олгож эхэлсэн. Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс цахим паспорт захиалсан Монгол Улсын иргэдэд албан ёсоор гардуулж, дарга Ц.Мөнхжаргал болон улсын бүртгэгч нар тус паспортын үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл өглөө. 


-Цахим паспорт нь энгийн паспортоос ялгаатай нь бичил чип /microprocessor chip/-тэй бөгөөд энэ чипт таны хурууны хээ, зураг, гарын үсэг зэрэг мэдээллүүд хадгалагдсан байдаг. 


Цахим гадаад паспорт нь зөвхөн тусгай зориулалтын төхөөрөмжид уншигдах бөгөөд та хилийн шалган нэвтрүүлэхээр хилээр орсон гарсан тамга даруулалгүйгээр тусгай төхөөрөмжид уншуулан богино хугацаанд хилээр нэвтрэх боломжтой юм. Энэхүү паспорт хил дээр үүсэх ачааллыг багасгах зориулалттайгаар олон улсад ашиглагдаж эхэлж байгаа гадаад паспортын шинэ хэлбэр аж.




Цахим гадаад паспорт 48 хуудастай. Паспортын хуудсууд дээр Бурхан Халдун, Алтан-Овоо, Говь гурвансайхан, Богд Хан, Сутай хайрхан гээд төрийн тахилгат хайрхдаас гадна монгол ахуйг харуулсан зургуудтай. Олон улсад ингэж улсаа сурталчилж мэдээллээр хангасан хуудсуудтай байдаг жишгээр хийгджээ.


Иргэд энгийн гадаад паспорт болон чиптэй цахим гадаад паспортоос өөрсдийн сайн дурын хүсэлтээр алийг нь хэрэглэхээ сонгоно. Өмнө авсан болон иргэдийн гар дээр хүчин төгөлдөр байгаа паспортоо заавал солих хэрэгтэй гэсэн үг биш. Хугацаа нь дууссан тохиолдолд шинээр солиулж авах боломжтой. 


Гадаад паспортоо захиалахдаа иргэн хаана ч хандаж болно. Харьяалал харгалзахгүй бүртгэл хийж буй учраас өөрт ойр улсын бүртгэлийн байгууллагын харьяа газраасаа захиалах боломжтой. Ингэхдээ заавал өөрийн биеэр ирэх ёстой. Бүртгэл хөтлүүлж байгаа учраас биеийн давхцах өргөдлийн бүртгэлийг  /хурууны хээг/ уншуулна. Иргэд зөөврийн дискээр өөрөө зургаа авч ирэх эсвэл бүртгэлийн ажилтанд хандаж зургаа авхуулж болно. Мөн Улсын бүртгэлийн байгууллагын /photo.burtgel.gov.mn/цахим сайтаар нэвтэрч зааврын дагуу зургаа илгээх сонголт бий. Зураг нь ICAO-ын стандарт, шаардлагад нийцсэн байх хэрэгтэй.


Энгийн гадаад паспортын үнэ 35000, улсын тэмдэгтийн хураамж 5000, нийт 40000 төгрөг, харин цахим паспортын үнэ 77500 , улсын тэмдэгтийн хураамж 5000, нийт 82500 төгрөгөөр захиална. цахим гадаад паспортын хүчинтэй хугацаа 10 жилээр гарах юм байна.

Related news