Д.Баттөмөр: НҮБ-ын төв байранд "Трио" киногоо гаргаж, олон улсад Монгол орноо сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-17 16:40:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар ээлжит чуулганы хүрээнд Дэлхийн дауны хам шинжийн эсрэг тэмцэх өдрийг тохиолдуулан “Трио” уран сайхны киног НҮБ-ын Женев дэх төв байранд 3 дугаар сарын 20-ны өдөр толилуулахаар болжээ.

 

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын алба болон Монголын Дауны холбоо хамтран энэ ажлыг зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улс анх удаа бие даасан хэлэлцүүлэг өрнүүлж, модератороор Монголын Дауны холбооны ерөнхийлөгч В.Ганзориг ажиллах юм. Кино багийнхныг уг үйл ажиллагаанд оролцоход ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дэмжлэг үзүүлжээ.

 

Монголын Дауны холбооноос ирэх 11 дүгээр сард Парист болох ЮНЕСКО-ийн хурал, 12 дугаар сарын 3-нд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр”-өөр НҮБ-ын төв байр буюу Нью-Йорк дахь оффист үйл ажиллагаа зохион байгуулж, улмаар Женевт буцаж ирж тусгай тогтоол гаргуулахаар ажиллаж байгааг Монголын Дауны холбооны ерөнхийлөгч В.Ганзориг мэдээлэв. Тэрбээр олон улсад албан бусаар хэрэглэдэг “Монгол, монголизм” гэж доромж утга бүхий үгийг ашиглахыг хориглох тогтоол гаргуулахаар ажиллаж буй аж. В.Ганзориг хэлэхдээ, "Манай холбоо байгуулагдаад 20-иод жил болж байна. Ирэх 7 хоногт багаараа НҮБ-ын Женев дэх төв оффис руу явна. НҮБ-ын дэлхийн 190 улс оролцсон Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар ээлжит чуулганы хүрээнд Монгол Улс анх удаа бие даасан хэлэлцүүлэг өрнүүлж, “Трио” киногоо гаргах албан ёсны зөвшөөрлийг НҮБ-аас авч чадсан. Энэ нь Монголын кино урлаг, иргэний нийгэм, төр-хувийн хэвшлийн түүхэнд шинэ түүх бүтээх үйл явдал болно гэдгийг онцолж хэлье” гэв. 

МУСТА, жүжигчин Д.Баттөмөр хэлэхдээ, “Женев дэх НҮБ-ын төв байранд 3 дугаар сарын 20-нд кино урлагаар дамжуулан Монгол Улсаа сурталчлах түүхэн үйл явдал болох гэж буйд баяртай байна. “Трио” киног 2020 оноос эхэлж, гурван жилийн хугацаанд Монгол орныхоо найман аймгийн үзэсгэлэнт газруудаар зураг авалт хийж бүтээсэн. Ингэснээр олон улсад Монгол орноо сурталчлах, аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулах бүтээл болсон гэж бодож байгаа. Олон улсын А зэрэглэлийн наадмаас 46 жилийн дараа шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн Трио” уран сайхны кино ийнхүү дэлхийн үзэгчдийн хүртээл болох гэж байна” гэв.

Одоогийн байдлаар уг кино 4 тивээс найман шагнал хүртээд байгаа юм.

·                2022 оны Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагнал,

  • 2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач” шагнал,
  • 2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер” шагнал,
  • 2022 оны Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино” шагнал,
  • 2022 оны Таллины олон улсын кино наадмын “Фестивалийн шилдэг” кино шагнал,
  • 2022 оны Монтреалийн кино наадмаас "Шилдэг найруулагч" шагнал,
  • 2022 оны Евро-Азийн ард түмний холбооноос зохион байгуулдаг "Арт Юнайтэс" кино наадмаас "Шилдэг кино" шагнал
      • 2022 оны БНСУ-ын Жеонжугийн олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагнал тус тус хүртээд байна.
      Related news