ӨМНӨГОВЬ: Хоногт 1000-3000 метр куб саарал усыг цэвэршүүлэн үйлдвэр болон ногоон байгууламжид ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-21 09:24:09

Даланзадгад /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг усны хомсдол бүхий бүс нутгийн хувьд гадаргын усыг хуримтлуулан дамжуулах төслийн ажлуудыг эрчимжүүлэх, уул уурхайн компаниуд гүний усыг үйл ажиллагаандаа ашиглах үйл явцад хяналт тавих ажлуудыг бодлогоор үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.

 

Монгол Улсын нийт газар нутгийн 11 хувийг хамардаг 29 сав газраас хамгийн их газар нутагтай, гадаргын усны хомсдолтой, гадагшаа урсгалгүй ай савд багтдаг, гүний усаар хэрэглээгээ хангадаг өвөрмөц бүс нутгуудад Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймаг багтдаг.

Тус сав газрын нутаг дэвсгэрийн 37.4 хувийг Өмнөговь, 36.9 хувийг Говь-Алтай, 23.6 хувийг Баянхонгор, 2.1 хувийг Өвөрхангай аймаг эзэлдэг. Гүний ус хамгийн багаар бодоход 10 мянга, цаашлаад 30 мянга, нэг сая жилийн дараа л нөхөгддөг байна.

 

Ийнхүү цэвэр усны нөөц хомсдолтой бүс нутгийн хувьд 2023 онд ус хамгаалах, зүй зохистой ашиглах чиглэлээр ямар ажлууд хийж буй талаар Өмнөговь аймгийн БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнхөөс тодрууллаа.



 

-Өмнөговь аймаг усны нөөцөө хамгаалах, зөв зохистой ашиглах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Бид хөв цөөрөм байгуулах ажлыг эрчимтэй хийж байна. Жилд 1-3 зургийн төсөв гаргадаг. Үерийн усыг хуримтлуулах, гол горхийг сэргээх зэргээр цөөрмийг бүрдүүлж байна. Номгон, Даланзадгад суманд энэ ажил хийгдсэн. Энэ жил Баяндалай, Сэврэй, Гурвантэс, Баян-Овоо суманд хөв цөөрөм байгуулах ажлыг хийнэ. Ер нь уур амьсгалын өөрчлөлт, усны нөөц, цөлжилтийн талаар тодорхой ажлууд хийж байгаа.

Энэ чиглэлийн судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэд их олон байдаг. Тиймээс бид 6 дугаар сард эрдэмтдийн судалгааны ажлаар уралдаан зохион байгуулна. Үүний дараагаар 9 дүгээр сард эрдэмтдийн явуулсан судалгааны ажлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Эндээс гарсан шилдэг оновчтой санаачилгыг дэмжиж ажил хэрэг болгоно. Мөн Даланзадгад сумын усан хангамжийн эх үүсвэрт стандарт шаардлага хангасан хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулах, төв суурин газрын усан хангамжийн онцгой бүсийн эрүүл ахуйн хориглолтын бүсийг тогтоох, ус ашиглах нөөц ашиглалтад хяналт тавих ажлыг зохион байгуулах, Даланзадгад сумын усны эх үүсвэрийн /2000 метр куб/  усан санд түвшин мэдрэгч тавих, Хавцгайт хороололд ундны ус гаргах, Манлай сумын ундны усны эх үүсвэрийн ажлыг дуусгах ажлууд хийгдэх юм.

Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн нэг том бүтээн байгуулалт бол хоногт 3000 метр куб саарал усыг цэвэршүүлэх үйлдвэр барьж ашиглалтад оруулсан. Одоогоор цэвэр усаа ашиглах уу гэдэг тал дээр судалгааны ажил хийгдэж байгаа. Ер нь 90 хувьтай цэвэршүүлнэ. Тус үйлдвэрийн хойно 20 га талбайд мод тарьсан. Тийшээ саарал усаа холбох ажил хийнэ. Мөн залгуулаад тэжээлийн ургамлын талбай бий. Услах хэрэгцээ шаардлага гарна. Дээрээс нь Дулааны цахилгаан станц руу саарал усаа авчрах ажлын зураг төсөл хийгдсэн. Энэ жилийн хувьд 510 сая төгрөгөөр саарал усаар ногоон байгууламж услах, үйлдвэрүүдэд ашиглах холболтын ажлын бүтээн байгуулалтыг хийж дуусна. Тэгэхээр хоногт 1000-3000 метр куб саарал усыг усалгаа болон үйлдвэрт хэрэглэх боломжтой болсон.




-Манай аймагт уул уурхайн томоохон бүлэг ордууд үйл ажиллагаагаа явуулж гүний усыг ихээр хэрэглэдэг?  Энэ нь усны хомсдол үүсэх шалтгаан болоод байна?

-Уул уурхайн нүүрсний орд газрууд усыг маш ихээр ашиглаж байгаа. Тиймээс бид ашиглалт нь зөв байгаа эсэх, дүгнэлтээр гарсан усаа яг ашиглаж байгаад нарийвчилсан судалгаа хийхээр ажлаа эхлүүлсэн явж байна. Энэ тал дээр бодлогын ажлууд шат дараатай хийгдэж байгаа.


-Гол горхи, усны эх ундаргыг хамгаалах чиглэлээр  ямар ажлууд хийж байна вэ?

-Бүс нутгийн хэмжээнд цөөн байдаг булаг шандын эх ундаргыг хамгаалах ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн жилүүдэд ерөнхийдөө эхийг нь хашиж хамгаалаад байдаг байсан. Гэтэл малчид хашааг нь буулгаад малаа усалчихдаг, эсвэл мал эвдчихдэг зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсээд байсан. Тиймээс мэргэжлийн байгууллагаас судалгаа хийлгэх шаардлага тулгарсан. Мал, ан амьтан хаанаас нь ундаалах, усны ундарга, урсгалын хурд, булаг шандын доод хэсэгт хөв цөөрөм бий болгох, уялдуулан мод тарих боломжтой юу зэрэг маш тодорхой судалгаа гаргаж зураг төсөв хийх юм. Зураг төсөв нь байгаль, мал амьтандаа ээлтэй, аль аль талдаа хүртээмжтэй байхаар зорьж байгаа ажил. Энэ нь 10 гаруй сая төгрөгийн үнэ өртгөөр хийгдэж байгаа. Бид ундарга сайтай булаг шандууд дээр мөнгө төсөв харамлахгүйгээр судалгааны ажлыг хийж, зураг төсвийг гаргахаар зорьж байгаа юм.




- Зураг төсөв хийсэн хэдэн булаг шанд байна вэ?

- Өнгөрсөн жил Булган сумын Нүцгэний задгай болон Хүрмэн сумын Эрдэнэбулагийн шандууд дээр эхийг нь хашихгүйгээр мал амьтан ундлаад гарч болохоор зохицуулан зураг төсөв хийсэн. Энэ жилийн хувьд нэмж зураг төсөв хийх хөрөнгө оруулалтыг уул уурхайн компаниудаар хийлгэхээр менежментийн төлөвлөгөөнд нь тусгуулсан. 2023 онд нийт 15 сумын хэмжээнд нэг нэг булаг шандын зураг төсвийг гаргаж бодитой бүтээн байгуулалт хийж усыг хайрлаж, хамгаалах, ундаргыг нь нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийх төлөвлөгөөтэй байна.

- Усжуулалтын аяны хүрээнд гүн өрмийн худаг гаргах ажил хэр хийгдэж байна вэ?

- Малчдад зориулсан гүн өрмийн худгуудыг гаргасаар байгаа. Эдгээр худгуудыг мөн ногоон байгууламжийн хүрээнд ашиглахаар сумд нь саналаа өгөөд байгаа. Гэхдээ гүний усаар мод услах нь их хүнд асуудал. Гэхдээ хажууд нь нүүрсийг гүний усаар угааж байхад бид тариалж байгаа модоо услахгүй гээд яах билээ.



- Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усыг гамнах хамгаалах, хойч үеийг соён гэгээрүүлэх ажлыг хэр хийж байна?

- Хүүхдүүдэд багаас нь усыг хайрлаж гамнах тал дээр  зөв ойлголтыг өгөх нь их чухал. Яг Өмнөговь аймгийн хувьд усны чиглэлийн мэргэжилтэн их цөөн. Тэгэхээр хөтөлбөрөөр дамжуулан тодорхой мэдлэг мэдээлэлтэй болох, хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд ус судлах, энэ чиглэлийн мэргэжлийг сонгох үүд хаалгыг нээж өгөх хэрэгтэй. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн ЕБС-ийн сурагчдыг зүүн, баруун, төвийн гэсэн гурван бүсэд хуваан “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа.  Тус үйл ажиллагааг уул уурхайн компаниудтай хамтарч хийсэн. 

-Ярилцсанд баярлалаа.

Related news