БАЯНХОНГОР: "Оюунлаг Хонгорынхон"-ыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-20 09:54:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 2022-2023 оны хичээлийн жилийн төрөлжсөн олимпиад "Оюунлаг Хонгорчууд", Математикийн 59 дүгээр олимпиадын хоёрын даваа буюу аймгийн шатны шалгаруулалт өнгөрсөн амралтын өрдүүдэд Баянхонгор хотноо боллоо. Төрөлжсөн хичээлийн олимпиад 12 судлагдахуун 18 төрлөөр хоёр ангиллаар болж, 714 сурагч 350 багш оролцов. 


Тус олимпиад нь Ардын боловсролын тэргүүний ажилтан, Боловсрол судлалын магистр, зөвлөх багш Баасангийн Батсуурь агсан, гэргий Ардын боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй багш Дамдинсүрэнгийн Буянжаргал нарын нэрэмжит болж, өндөр түвшинд зохион байгуулалт хийснээрээ онцлог байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Батсуурийн Даваадалай төрөлх нутагтаа аав, ээжийнхээ нэрийг дуурсгаж, үйлсийг нь мөнхлөн "Оюунлаг Баянхонгорчууд" төрөлжсөн олимпиадыг ивээн тэтгэн, зохион байгуулжээ.


Түүнчлэн олимпиадын нээлтэд Монголын математикийн тэргүүлэх багш нарын төлөөлөл Монголын математикийн олимпиадын Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн математикийн тэнхимийн профессор, математикийн шинжлэх ухааны доктор Г.Баярмагнай, "Олонлог" сургуулийн зөвлөх, Улсын математикийн багш нарын 5 удаагийн аварга, магистр багш Б.Баяржаргал нар хүрэлцэн ирж оролцсон. Тэд мөн үеэрээ математик, байгалийн ухааны хичээлүүдийн хөгжил, багшийн ур чадварын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг удирдан зохион байгуулсан байна.


Баянхонгор аймгийн төрөлжсөн хичээлийн олимпиадын зохион байгуулалтын хүрээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай 12 дугаар ангийн сурагчдад Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын боловсролын талаар баримтлах бодлого, "Илгээлт-2100" үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулсан. Мөн гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийн талаар нээлттэй ярилцлага хийж, сурагчдын асуултад хариулж, олон боломжийг таниулсан байна.


Шинжлэх ухааны сэтгэлгээ, сургалтыг дэмжих, багш, сурагчдын оюуны ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Оюунлаг Хонгорчууд” төрөлжсөн олимпиадыг Баянхонгор аймгийн ЗДТГ, БСУГ, Б.Батсуурь багшийн гэр бүл, үр хүүхэд, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, лаборатори Номундалай цогцолбор сургууль, Номгон, Эрдэнэмандал, Хүрээмарал сумын ерөнхий боловсролын сургуулиуд хамтран зохион байгуулжээ.

Related news