Хувийн эмнэлгүүдийн тулгамдсан асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-03-22 08:23:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын санаачилгаар зохион байгуулж буй “Эмчээ сонсъё” аян үргэлжилж байна. Уг аяны хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөлтэй энэ сарын 21-нд уулзлаа.

Тэрбээр уулзалтыг нээж Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг үр дүнтэй бүрдүүлэх нь салбарын чухал асуудал гэдгийг онцлоод, эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар товч мэдээлэл өгөв.

Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 30.8 хувь нь хөдөө орон нутагт, 69.2 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаагийн 6.3 хувь нь ортой, 38.9 хувь оргүй клиник эмнэлэг бөгөөд эдгээрт 19.5 мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд тулгарч буй асуудлуудын талаар уулзалтад оролцогчид олон санал хэлж, салбарын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлийг ч өрнүүлсэн нь голдуу ЭМД-ын гүйцэтгэлийн санхүүжилт, даатгалын сонгон шалгаруулалттай холбоотой байлаа.
-ЭМД-тай гэрээ хийх боломжтой эмнэлгүүд сонгон шалгаруулалтад орж чадаагүй нь бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй байж эхлүүлснээс үүдэлтэй бөгөөд программын алдаанаас болсныг засаж залруулахгүй байна.
-Клиникийн ортой эмнэлгийн стандарт байхгүйгээс нэгдсэн эмнэлгийн стандартыг баримталсан шалгуур хийсэн нь клиникийн ортой эмнэлгүүдийн хувьд ахадсан шалгуур болсон.
-Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна.
-ЭМДҮЗ-ийн 01 тоот тогтоолын өртгийн жинг бодитоор тогтоох, суурь тарифыг өсгөх, 12 тоот тогтоолд зааснаар их олонлогийн зарчмаар хасалт хийж байгааг зогсоох.
-Сонгон шалгаруулалтын шалгуур нь насанд хүрэгч, хүүхдийн эмнэл зүйн онцлогийг ялгаж гаргаагүйгээс болоод тусламж үйлчилгээг бүрэн үзүүлж чадахгүй болсон. Шалгуур үзүүлэлт нь стандарт, удирдамжтайгаа зохицохгүй, хувь, хувьсгалаар нь ялгавартай байгааг өөрчлөх.
-ЭМД-тай холбоотой асуудлаар хүссэн цагтаа мэдээлэл авч чадахгүй байна.
-Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт өмчийн хэлбэрээр ялгаварлахгүй ижил болсон сайн талтай ч нэг гараанаас ижил түвшинд гараагүй нь хүндрэл үүсгэж байна.
-Эрүүл мэндийн тухай хууль, ЭМД-ын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа эрүүл мэндийн салбарын ачаанаас үүрэлцэж, шинэ технологи, инновацыг соргогоор мэдэрч хэрэгжүүлж байгаа төрөлжсөн мэргэжлийн, нэгдсэн, клиникийн гэсэн статус бүхий хувийн хэвшлийн эмнэлгүүдийг ч орхигдуулахгүй байхад анхаараарай.
Уулзалтад оролцогчдоос гарсан санал нэг бүрт хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдгээ Эрүүл мэндийн сайд илэрхийлж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхныг салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход санаачилгатай оролцохыг уриалав.

С.Чинзориг сайдаас “Эмчээ сонсъё” аяны хүрээнд хийсэн уулзалтуудын талаар сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр “Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд Дэлхийн эмч нарын өдөр тохиодог. Энэ өдрөөр эмч нартайгаа хамтран өөрсдийнхөө ажилд үнэлгээ дүгнэлт өгдөг, болж байгаагаа ярьж, болохгүйгээ засч сайжруулах талаар санаа оноогоо хэлдэг байх зорилгоор “Эмчээ сонсъё” цуврал уулзалт зохион байгуулж байгаа юм. Сайдын алба авснаас хойш лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүдэд ажиллаж, Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны гишүүд идэвхтэн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзсан. Энэ хүрээнд эмийн салбарынхан, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад томоохон байр суурь эзэлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ковидын цар тахлын хүнд үед гүйцэтгэсэн үүргийг Засгийн газар өндрөөр үнэлж, талархаж байдаг.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын өмнө тулгамдсан олон асуудал байна. Тухайлбал, гүйцэтгэлийн санхүүжилтийн арга зөв ч зайлшгүй засаж сайжруулах зүйлс байгааг хэлж байна. Ялангуяа эмчилгээ, үйлчилгээний өртөг, тариф бага учраас зарим томоохон эмнэлэг Даатгалын сангаас санхүүжилт авахын оронд иргэдээс үйлчилгээний төлбөрөө аваад явахыг илүүд үзэж байна.

Даатгалын санхүүжилтийн аргад өөрчлөлт оруулах бас нэг шалтгаан нь өндөр үнэтэй оношилгоо, эмчилгээтэй холбоотой. Хувийн эмнэлгүүд анхан шатны тусламж үйлчилгээний ачааллаас маш бага хуваалцаж, өндөр үнэтэй оношилгоо эмчилгээг илүүд үздэг байдал ажиглагдаж байгаа. Тухайлбал, хувийн эмнэлэгт үзүүлсэн хоёр хүн тутмын нэг нь MRI-д харуулсан судалгаа ч бий. Тиймээс өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээнд тавих шаардлагыг эргэж харахаас аргагүй.
Хувийн эмнэлгийнхэн яамнаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж болно гээд магадлан итгэмжлэл олгосон хэрнээ ЭМДС-аас санхүүжилт авахын тулд сонгон шалгаруулалтад ордог нь давхардсан үйл ажиллагаа хэмээн шүүмжилж байгааг ч бас бодох л ёстой.
Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо, олгож буй аргад өөрчлөлт оруулж, зарим нэг тохируулгыг хийх ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Энэ тухай их ч ярьсан. Сайдаар томилогдож ирээд ЭМДЕГ-ынханд хэд хэдэн үүрэг өгсөн. Эхнээсээ хэрэгжээд явж байна. Эхнийх нь алслагдсан багт амьдардаг 60-аас дээш насны ахмадууд сар бүр сумын төвд ирж хурууны хээгээ уншуулахгүйгээр багийн эмчийнхээ бичсэн жороор хөнгөлөлттэй эмээ авдаг болсон. ЭМД-аас санхүүжилт авдаг байгууллагууд үзүүлсэн тусламж, үйлчилгээнийхээ шивэлтийг хийхэд гарсан алдааг залруулах боломжгүй, санхүүжилт хасагддаг байсныг 48 цагийн дотор засах боломжтой болгосон.  Мөн санхүүжилтийн гэрээг гурван жилээр хийсэн байгууллагууд тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудлаа шийдээд, шинэ тусламж, үйлчилгээ нэвтрүүлсэн тохиолдолд санхүүжилт авч чаддаггүй байсан журмыг өөрчлөхөөр ажиллаж байна” хэмээсэн юм.

“Эмчээ сонсъё” аяны цуврал уулзалтууд цаашид ч үргэлжлэх бөгөөд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагууд, сумын ЭМТ-ийнхөн гэхчилэн салбарт тулгамдсан асуудлаа хуваалцах боломжийг олгох юм.  



Related news