Г.Дашдэмбэрэл: Урт нэртэй хууль нь төр, иргэний нийгэм хамтран байгаль орчноо хамгаалах гэсэн анхны хууль байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-03-22 12:41:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын "Цэнхэр Алт" Үндэсний чуулган энэ сарын 24-нд болно. Энэ хүрээнд усны салбарын тулгамдаж буй асуудлаар гурван удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ олон улсын усны байгууллагууд болон дотоодын байгаль орчны ТББ-уудтай хамтран олон талын оролцоотой зохион байгуулж байна. Өнөөдөр “Усны салбарын эрх зүйн орчны тулгамдсан асуудал" сэдвээр боллоо.

Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн дэргэдэх Ногоон парламентын гишүүн, хуульч Г.Дашдэмбэрэл “Иргэний нийгмийн байгууллагын оролцоо, төрийн байгууллагын хамтын ажиллагааны туршлага” сэдвээр тавьсан илтгэлдээ 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай (Урт нэртэй хууль гэгддэг) хуулийн талаар хөндсөн юм.


Батлагдаад хэдийгээр 14 гаруй жил болж буй ч уг хуульд экологийн онцгой бүс болох гол, мөрөн, ойн нөөцийг хараа хяналтгүй байсан уул уурхайгаас хамгаалахад иргэд, ТББ-уудын хяналт, оролцоог тодорхой зааж тусгасныг тэрбээр онцолж байв. Тодруулбал, уул уурхайг нөхөн сэргээх зорилгоор иргэд, иргэний хөдөлгөөн, хууль тогтоогчидтой хамтран ажилласны үр дүнд баталсан байгаль орчны анхны хууль байсныг хэллээ.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны нэгд ордог. Уул амьсгалын өөрчлөлтөөс усны нөөцөд сөргөөр нөлөөлсөөр байна.

Урт нэртэй дээрх хуулийн үйлчлэлд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 25-30 хувь хамрагдахаар зохицуулснаас:

  • гол мөрний урсац бүрэлдэх эхэд 11 хувь
  • ойн сан бүхий газарт 7-8 хувь,
  • үлдсэн нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг хамаарч байна.

Гэвч уг хууль нь Дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу энэ хуулийг хэрэгжүүлэх гол хуулийг хүчингүй болгож, 7 Засгийн газар дамжин явсаар өөрчилж буй нэрээр бүхэлд нь үйлчлүүлэхгүй болгосныг тодотголоо.

Манай улсад Байгаль орчныг хамгаалах тухай хууль 1995 онд батлагдан гарснаас хойш Урт нэртэй хууль нь байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудын санаачилсан анхны хууль байсныг онцолж байв.


Өнөөдрийн хэлэлцүүлэг дээр Усны газрын дарга асан, хууль зүйн ухааны доктор З.Батбаяр, “Гадаргын ус хуримтлуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх цогц бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, газрын доорх усны ашиглалт, эрэлт хайгуулын асуудлыг төр бүрэн өөрийн эрх мэдэлд төвлөрүүлж, усны нөөцийн бодлогын үүднээс улс орны удирдах хэрэгтэй байна” хэмээн саналаа хэлсэн юм. 

Related news