АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-25 12:09:17

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар орогнол хүсэгч иргэдийг АНУ-Канадын хилээр албан бус гарцаар нэвтрүүлэхийг зогсоох цагаачлалын хэлэлцээрийг байгуулснаа баасан гарагт зарлалаа.


АНУ, Канад улсууд “Дэлхийн баруун тал бөмбөрцөг дэх цагаачлалын түүхэн түвшний асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэж Ж.Байден баасан гарагт Ерөнхийлөгчийн хувиар Канадад хийсэн анхны айлчлалынхаа үеэр Оттава хотноо хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Цагаачлалын гэрээ нь хоёр оронд албан бус гарцаар хилээр нэвтэрсэн орогнол хүсэгчдийг буцаах боломжийг олгох бөгөөд АНУ-д өөр улсаас нэвтэрснийхээ дараа Канадын хилээр нэвтрэх орогнол хүсэгчдийн тоог хязгаарлахад хувь нэмрээ оруулах зорилготой байна.


Өмнөх цагаачлалын гэрээний дагуу АНУ, Канадын холбогдох албаныхан орогнол хүсэгчдийг албан ёсны нэвтрэх цэгүүдээр буцаах боломжтой байсан ч энэ нь албан бус гарцуудад хамаардаггүй байжээ.


Ж.Трюдо Канадад орогнол хүсэгчдийн тоо нэмэгдэж байгаа асуудлыг зохицуулах шахалттай тулгарсаар ирсэн бөгөөд тэдний ихэнх нь Нью-Йорк муж улс болон Квебек муж хоёрын хоорондох шороон зам болох Роксхэмийн замаар нэвтэрдэг байна.


2022 онд АНУ-аас 40 мянга орчим орогнол хүсэгч Канад руу нэвтэрсэн нь 2017 онд ийм гарцыг хянаж эхэлснээс нь хойших хамгийн өндөр тоон үзүүлэлт болжээ.


Ж.Трюдогийн мэдэгдсэнээр, гэрээ бямба гаргийн шөнө дундаас хүчин төгөлдөр болно. Ийнхүү шуурхай хэрэгжүүлж буй нь гэрээг хүчин төгөлдөр болохоос өмнө хилээр нэвтрэх гэж оролдох цагаачдын тоо нэмэгдэхээс зайлсхийх зорилготой юм байна. 

Related news