ДУНДГОВЬ: Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дунд хугацааны стратегийг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-29 14:59:58
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малчдын төлөөлөл ХААИС-ийн мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш нарын удирдлага дор өнөөдөр тус аймгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги”-ийг хэлэлцэж байна. Сургалт хэлэлцүүлэгт аймаг, сумын удирдлага, ХАА-н мэргэжилтнүүд, малчдын төлөөлөл, ИТХ-ын төлөөлөгчид нийт 120 хүн оролцож байна.  



Хэлэлцүүлгийн эхний өдөр оролцогчдод чадавхжуулах сургалт зохион байгуулж, ХАА-н салбарын бодлого, зорилт, эрх зүйн орчин, мал аж ахуйн нэгдсэн систем, түүний ач холбогдол, хоршоо, бүлэг, органик хүнс үйлдвэрлэл, биотехнологийн дэвшилтэт аргыг мал ахуйн салбарт ашиглах зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн. 

Харин өнөөдөр стратегийн хэлэлцүүлэг өрнүүлж байна. Аймгийн ХХААГ, ХААИС-ийн мал аж ахуй, биотехнологийн сургуультай хамтран 2023 оны 1 дүгээр сараас мал аж ахуйн үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгүүлэх үйл ажиллагааны саналыг авч, нэгтгэсний үндсэн дээр “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги”-ийг боловсруулан гаргаж, ийнхүү мэргэжилтнүүдээр хэлэлцүүлж байгаа юм.



Энэхүү үйл ажиллагааны талаар ХААИС-ийн мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор Д.Гүрбазар 

“Дундговь аймгийн ЗДТГ, ХХААГ, ХААИС-ийн мал аж ахуй, биотехнологийн сургуультай хамтран хамтран ажиллаж байгаа ажлын хүрээнд өнөөдөр “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги” боловсруулах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  

Манай сургуулийн хувьд тус аймгийн ХХААГ-тай хамтраад орон нутгийн брэндийг хөгжүүлэх чиглэлээр айргийн судалгаа хийх, мал аж ахуйн чанарыг сайжруулах зэргээр хамтарч ажилладаг. Өнөөдөр Монгол Улсын ХАА-н салбарын хамгийн тулгуур нь мал аж ахуйн салбар. Тэгэхээр мал аж ахуйн салбарын стратеги төлөвлөгөөг боловсруулан тус салбарын боловсон хүчний хангамжийг бэхжүүлэх, мал аж ахуйн салбар дахь шинжлэх ухаан технологийн ололт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагаа өргөжиж байгаа юм.



Цаашид бидний хийж, хэрэгжүүлж байгаа ажил малчид, мал аж ахуй хэрэглэгчдэд үр бүтээлтэй байлгах талаас нь анхаарч энэхүү сургалтыг хийж байна” гэлээ.  

Дундговь аймгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги”-ийн хүрээнд 1) Малын генетик нөөц, үржүүлэг, технологийн үйл ажиллагаа, малын тоо, бэлчээрийн даац, үүлдэрлэг байдал, 2) Бэлчээрийн менежментийг сайжруулах, тэжээлийн нөөц, хангамж нэмэгдүүлэх, 3) Мэргэжилтэн, малчдын боловсрол, нийгэм, эдийн засаг, бүтээгдэхүүн, түүхий эд, үйлдвэрлэл гэсэн 3 чиглэлд 10 зорилтыг дэвшүүлсэн байна. 



Related news