“Samsung Electronics” компанийн ашиг огцом буурах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-04-07 16:55:46

СӨҮЛ. /Yonhap/. Эдийн засгийн хямралтай холбоотой болгоомжлол үүсэж, чип, цахилгаан барааны эрэлт буурч байгаатай холбоотойгоор БНСУ-ын “Samsung Electronics” компанийн нэгдүгээр улирлын үйл ажиллагааны ашиг өмнөх оныхоос 96 орчим хувиар буурах төлөвтэй байна.


Дэлхийн санах ойн чип, ухаалаг гар утасны хамгийн том үйлдвэрлэгч болох тус компанийн тооцоолж буйгаар, энэ оны 1-3 дугаар сард үйл ажиллагааны ашиг нь 600 тэрбум вонд /454.9 сая ам.доллар/ хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь жилийн өмнө 14.12 их наяд вонд хүрч байсантай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт юм.


Мөн борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 19 хувиар буурч, 63 их наяд вонд хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Харин цэвэр ашигтай холбоотой мэдээллийг одоогоор танилцуулаагүй байна. Yonhap” агентлагийн санхүүгийн мэдээллийн “Yonhap Infomax” фирмийн судалгаанаас үзэхэд, үйл ажиллагааны ашиг дундаж тооцооллоос 16.7 хувиар буурах төлөвтэй байна.


Samsung бизнесийн салбаруудынхаа тайланг одоогоор танилцуулаагүй байна. Шинжээчдийн тооцоолж буйгаар, чипний бизнесийг хариуцдаг Device Solution 4 их наяд орчим воны алдагдал хүлээж, 14 жилийн хугацаанд анх удаа санхүүгийн алдагдалд орох төлөвтэй байгаа юм.


Samsung” баасан гарагт гаргасан урьдчилсан тайландаа, нөөцийн илүүдэл, санах ойн чипний үнэ унаж байгаа асуудлыг шийдэх зорилгоор чипнийхээ үйлдвэрлэлийг “ихээхэн” буруулна гэдгээ мэдэгджээ. Гэхдээ өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Санах ойн чипний үйлдвэрлэлээр тэргүүлэгч тус компани энэ онд эрэлт огцом буурсантай холбоотойгоор дэлхийн чипний зах зээл 6 хувиар агшиж, 563 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаагаас гадна, хүндхэн нөхцөл байдал жилийн турш үргэлжилж болзошгүйг анхааруулжээ


KB Securities” судалгааны компанийн шинжээч Ким Дун Воны хувьд, нийлүүлэлтийн илүүдэлтэй холбоотой асуудлууд хэдхэн сарын дараагаас шийдэгдэж, DRAM болон NAND чипний үнэ хоёрдугаар улиралд доод түвшинд хүрснийхээ дараа оны хоёрдугаар хагаст сэргэж эхэлнэ гэж таамаглаж байна.

Related news