Газыг сэргээн босгоход 70 тэрбум гаруй ам.доллар шаардлагатай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /NHK/. Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум гаруй ам.доллар шаардлагатай гэж НҮБ-ын тайланд тооцоолжээ. Түүнчлэн Израил-ХАМАС-ын дайны хөлд сүйдсэн бүс нутгийг сэргээн босгоход олон арван жилийн хугацаа шаардагдаж магадгүй гэдгийг дурдсан байна.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас /UNCTAD/ мягмар
гарагт танилцуулсан тайланд Газын зурвасын эдийн засгийн байдлыг харгалзан үзжээ. Тайланд
дурдсанаар, барилга байгууламжуудын 70 хувь нь эвдэрч сүйдэж, их хэмжээний
сүйрэл хохирол учирсан нь “хүмүүнлэгийн болон эдийн засгийн онцгой байдал”
үүсгэсэн байна.
UNCTAD-ын Палестины асуудал эрхэлсэн зохицуулагч Мутасим Элаграагийн хэлснээр, тус зурвасын нэг хүнд ногдох ДНБ 22 жилийн өмнөх түвшиндээ эргэн очжээ. UNCTAD-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Педро Мануэль Мореногийн хувьд олон улсын тусламжийн тогтвортой урсгалыг яаралтай хангах шаардлагатай байгааг онцолсон байна.
П.Морено хэлэхдээ, Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг цогцоор нь сэргээх төлөвлөгөө гаргахыг энэхүү тайланд уриалж байна. Үүнд тодорхой зохицуулалт бүхий олон улсын тусламж, санхүүгийн шилжүүлгийг сэргээх, худалдаа, шилжилт хөдөлгөөн, хөрөнгө оруулалттай холбоотой хязгаарлалтуудыг сулруулах алхмууд багтана гэлээ. Тэрбээр мөн сэргээн босгох ажлыг хийхийн тулд удаан хугацааны турш гал зогсоох зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлжээ.
Ulaanbaatar