ӨМНӨГОВЬ: Залуучуудын гарааны бизнесийг 120 сая төгрөгөөр буцалтгүй нөхцөлөөр дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-21 16:46:55

Даланзадгад /МОНЦАМЭ/. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг Өмнөговь аймгийн бизнес эрхлэх хүсэлтээ залуусын дунд нээлттэй зарлалаа.

 

“Нутгийн хишиг“ хөтөлбөрийн хүрээнд 18-34 насны залуучуудын гарааны бизнесийг дэмжих зорилгоор ийнхүү 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

 

Тус хөтөлбөрөөр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, байнгын ажлын байртай болгох, шинэ санаачилгаа хэрэгжүүлж бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг болж, ажил хөдөлмөр хийж туршлагажих, ашиг орлого тогтвортой нэмэгдүүлэн хөгжүүлэхэд бодит тусламж үзүүлж байгаагаараа ач холбогдолтой.

 

2023 оны залуусын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн гол шалгуур нь орон нутагт шинэлэг, инновацид суурилсан байх, нийгмийн ямар нэгэн асуудлыг шийдвэрлэсэн байх, байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулагдах зэрэг чиглэлийг үйл ажиллагаандаа нягт тусгасан байх юм.


 

Төслийн нийт санхүүжилт 120 сая төгрөг бөгөөд шилдгийн шилдэг нэг төслийг шалгаруулж 20 сая төгрөг, харин шилдэг 10 төсөлд тус бүр 10 сая төгрөгийн санхүүжилтийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр олгож үйл ажиллагааг нь дэмжинэ.  

Энэхүү хөтөлбөрт оролцох хүсэлтэй 18-34 насны өөрийн шилдэг бизнес санаатай, давхар ажил хөдөлмөр эрхэлдэггүй залуучууд цахим бүртгэл болон бүрдүүлэх материалыг Өмнөговь аймгийн Инновац, технологийн төвд өгөх ба мэдээллийг  www.startupgobi.tech вэб хуудаснаас авах боломжтой. 

Related news