Бясалгалын хийдийн туурь аялагчдын гол үзмэр болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг сумын нутаг дэвсгэрийг дамжин оршдог улсын тусгай хамгаалалттай Бага газрын чулууны бүс нутагт Ловончимбийн хийд хэмээх өвөрмөц нэгэн сүмийн туурь бий. 1800- аад оны эхээр бясалгал хийх зориулалтаар энэхүү сүмийг барьсан гэдэг. Энэ тухай улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч П.Батсайхан сонирхуулсан юм.
Бага газрын чулууны уулын зүүн хэсэгт баруун өмнөөс зүүн хойшоо чиглэж, хойшоо эргэж нэвт гарсан уужим цээл хоолой байдгийг Сөдөтийн ам гэдэг. Эмийн чухал ургамал сөд өвс элбэг ургадгаас ингэж нэрлэсэн энэ хоолойд 1960- аад оны үед төмс, малын тэжээлийн ургамал тариалж байсан, Дундговь аймгийн нутаг дэвсгэр дэхь бараг ганц гэж хэлж болох уулын хүрэн шороон хөрстэй газар ажээ.
Энэ хоолойн зүүн талаас түрсэн хадат хошууг тойрч, бяцхан хавцлаар өгсөхөд хадан хүрээн дотор үүдэндээ гэрийн зассан буурь бүхий байшингийн туурь бий. Туурь улиасан төгөл дунд орших бөгөөд энд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж байсан гэдэг. Тэд тус тусынхаа гэрийг барихдаа уулын горхийг гэрийнхээ доогуур урсаж байхаар бууриа засч, гэрээсээ гаралгүй горхины уснаас хутган хоол, цайгаа зэхдэг байжээ.
Дээрхи хоёр ламын нэг Ловон Бадамжунайн бясалгалыг гүйцээн хийсэн Үст мөр хэмээх лам Ловончимбийн хийдийг үүсгэн байгуулсан бөгөөд нинмавын ёсны ловон Бадамжунайд зориулсан цэжү хурлыг хурдаг байсан аж. Хожим нэрт эрдэмтэн номч Зава Дамдин энд суурьшин бүтээлээ туурвиж байсан гэдэг.
Хийд гучаад оны их хэлмэгдүүлэлтэд өртөж эзэнгүйдсэн бөгөөд цагийн аясаар элэгдэн нурж, одоо ханан дөрвөлжин л үлдсэн байна.
Байгаль хамгаалагч П. Батсайхан хэлэхдээ, “ Бага газрын чулууг зорин ирсэн дотоод гадаад жуулчид, аялагчдын гол үздэг газар нь Сөдөтийн ам, Ловончимбийн хийдийн туурь байдаг. Лам нар бясалгал хийж байсан болохоор энергитэй газар гэж ч сүслэх нь бий” гэсэн юм.
Т. Отгонтуяа