ӨМНӨГОВЬ: Ханбогд суманд Нэг хоршоо-Нэг сум зөвлөгөөн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-05 16:11:04

Даланзадгад /МОНЦАМЭ/. Загвар хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлэх, хоршооны бүтцэд тулгуурлан хүнсний хэрэгцээг хангах, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хоршоо-Нэг сум” зөвлөгөөнийг Ханбогд суманд энэ сарын 1-нд зохион байгуулж, 15 сумын ЗДТГ-ын дарга, хоршоодын тэргүүн, гишүүд зэрэг 100 гаруй мэргэжилтэн хамрагджээ.


Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажил, түүхий эдийг газар дээр хэрхэн бэлтгэх, өндөр үнээр нийлүүлэх боломж, цаашдын чиг хандлага сэдвүүдээр илтгэл тавьж, сум бүрийн тэргүүний хоршоод тэргүүн туршлагаа хуваалцлаа.




Ханбогд сумын ЗДТГ-ын санаачилгаар Нэг хоршоо-Нэг сум зөвлөгөөнийг ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд улсын хэмжээний жишиг хоршоонууд хүрэлцэн ирж өөрсдийн туршлагуудаасаа хуваалцсан нь онцлог ажил боллоо.

 

Манлай сумын ЗДТГ-ын дарга Б.Адилбиш

Энэ үйл ажиллагаанд сумаасаа 3 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ зөвлөгөөн нь 15 сумыг хамруулан зохион байгуулж байгаагаараа өргөн цар хүрээтэй болж байна. Зөвлөгөөний гол зорилго нь хоршоог хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн хөгжүүлэн амьжиргааг дээшлүүлэхэд хамтын хүч хоршооллын үйл ажиллагаа нь хамгийн чухал юм гэж үзсэн. Энэхүү ойлголтоо иргэдэдээ, засаг захиргааны байгууллагад олгож байгаа нь өндөр ач холбогдолтой. Энэ зөвлөгөөнөөс гарсан бодлого зөвлөмж, ойлголтуудыг сум орон нутагтаа очиж түгээн хөгжүүлэх тал дээр анхааран ажиллана гэж бодож байна.


Цогтцэций сумын “Сум дүүрэн” хоршооны гишүүн И.Цэвэл

Хоршооны хөгжлийг дэмжих ийм чиглэлийн зөвлөгөөнүүд ойр ойрхон болж байвал их зүгээр санагдлаа. Их зүйлийг сонсож мэдэж авлаа. Нэг хоршоо- нэг сум зөвлөгөөнд оролцсондоо их баяртай байна.

Манай хоршоо байгуулагдаад удаагүй. Зөвөлгөөнөөс дүрэм журам, татвар, биржийн ойлголтуудыг дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгч их л мэдлэг мэдээллийг олголоо. Цаг үеэ олсон сонсох мэдэх юм их байна. 

 

Related news