Украинд тавдугаар сарын 9-ний өдрийг Европын өдөр болгон зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-08 17:06:10

КИЕВ. /unn/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 9-ний өдөр тус улсад Ялалтын баярын оронд Европын өдрийг тэмдэглэх тухай зарлигт даваа гарагт гарын үсэг зуржээ. Уг баримт бичгийг төрийн тэргүүний цахим хуудсанд нийтэлсэн байна.


"Өнөөдөр би Европын өдрийг тэмдэглэх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Маргаашаас буюу тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн жил бүр бид нацизмыг устгасан бүх европчуудын түүхэн эв нэгдэл, рашизмыг ялах эв нэгдэл, энх тайвныг ойртуулах эв нэгдлээ тэмдэглэх болно" гэж тэрбээр хэлсэн үгэндээ мэдээлжээ. 


Үүнээс гадна, тэрбээр тавдугаар сарын 8-ны өдрийг Дурсан санах, нацизмыг ялсан өдөр болгох тухай хуулийн төслийг Дээд Радад өргөн мэдүүлсэн гэдгээ мэдэгдсэн байна. 


Өмнө нь тавдугаар сарын 9-нд украинчууд Дэлхийн хоёрдугаар дайнд нацизмыг ялсны баяр, харин тавдугаар сарын 8-нд Дурсамж, эвлэрлийн өдрийг тэмдэглэж байсан юм. 2015 оноос хойш Дурсамж, эвлэрлийн өдрийг Украинд бүх нийтийн амралтын өдөр болгожээ. 


Украинд Европын өдрийг тавдугаар сарын гурав дахь бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг байв.

Related news