Канад улс Хятадын дипломатчийг нутаг буцаахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-09 08:39:17

ТОРОНТО. /АР/. Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли Торонто хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Жао Вэйг “персона нон грата” /тааламжгүй этгээд/ гэж зарлав. 


"Канад улс Жао Вэйг “персона нон грата” гэж зарлахаар шийдлээ. Манай улсын дотоод хэрэгт аливаа хэлбэрээр хөндлөнгөөс оролцохыг бид тэвчихгүй" гэж тус улсын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ.  “Энэ шийдвэрийг бүх хүчин зүйлийг сайтар судалсны эцэст гаргасан” гэдгийг мөн онцлон тэмдэглэсэн байна.


Хятадын дипломатчийг "Консерватив намаас сонгогдсон парламентын гишүүний гэр бүлийн талаар тагнуулын мэдээлэл цуглуулсан хэрэгт холбогдуулан" нутаг буцааж байна гэж Канадын хэвлэлүүд мэдээлжээ. 


Харин Оттава хот дахь Хятадын Элчин сайдын яам дипломат ажилтныг нь нутаг буцаах шийдвэрийг эрс буруушааж, Канадын Засгийн газарт эсэргүүцлийн нот бичиг илгээсэн байна.

Related news