ӨМНӨГОВЬ: Говь шанхын уртын дууны улсын уралдааныг 2 дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-14 19:38:48

Даланзадгад /МОНЦАМЭ/. Говь шанхын уртын дууны улсын уралдааныг Даланзадгад хотод 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. 

 

Улсын уралдааныг нээж Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат хэлсэн үгэндээМонгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050”, Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн онцлох соёлын өвийг хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажлыг шат дараатай хийж орон нутгийн зүгээс шаардлагатай бодлогын үйл ажиллагаануудыг зохион байгуулж, анхаарал тавин ажиллаж байгаагаа онцоллоо.

 

Уртын дууны улсын уралдааныг Өмнөговь аймагт 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үеэр СУИС-ийн уртын дууны концертмастер, багш Б.Цогтбаатар говь шанхын уртын дуу болох “Холч морь дууны судалгаа", Уртын дуучин, урлаг судлаач М.Дорждавга “Уртын дууны төрөл, найруулга”, СУИС-ийн зөвлөх багш, доктор, МУГЖ Ц.Чулуунчимэг “Монгол уртын дууны газар зүйн тархалтын байдал”, Монголын уртын дууны холбооны Өмнөговь аймаг хариуцсан дэд тэргүүн, уртын дуучин О.Оюу-Эрдэнэ “Урлаг эрүүл мэндэд” зэрэг сэдвээр уртын дуучдад илтгэл тавилаа. 

 

Говь нутгийнхан говь шанхын уртын дуунуудаа найр наадмынхаа өрнөл хэсэгт ихэнхдээ дуулдаг байсан бөгөөд “Холч морь” дуундаа хүндэтгэлтэй хандаж гартаа айраг барьж дуулдаг байжээ. Говь шанхын уртын дууны уралдааныг хүүхэд, насанд хүрэгч гэсэн хоёр насны ангиллаар зохион байгуулж, 100 гаруй уртын дууч оролцож  "Хурдан сайхан хээр", "Сэнсгэр цайвар хээр", "Өндрийн өвс", "Холч морь", "Өндөр хаан" зэрэг  уртын дууг дуулан өрсөлджээ.  


Уралдааны хүүхэд насны төрөлд тэргүүн байрт, Даланзадгад сумын 4 дүгээр сургуулийн сурагч Ц.Отгон-Эрдэнэ, дэд байрт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Соёлын ордны сурагч Н.Нарансолонго, гутгаар байрт, мөн Соёлын ордны сурагч Н.Гандөрөө, тусгай байрт, Өмнөговь аймгийн Ноён сумын ЕБС-ийн сурагч А.Анх-Эрдэнэ нар шалгарчээ.

Насанд хүрэгчдийн төрөлд тэргүүн байрт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уртын дуучин Т.Тогосмаадэд байрт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уртын дуучин А.Гантулга, гутгаар байрт, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уртын дуучин Н.Доржмандах, тусгай байрт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уртын дуучин  Б.Үнэнсолонго нар тус тус шалгарчээ.







 

Монголын Уртын дууны холбооны нэрэмжит шагналаар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын дуучин А.Гэрэлцолмон, Шилдэг морин хуурчаар Улаанбаатар хотоос оролцогч С.Сүрэнхүү нар шалгарлаа.


Өмнөговь аймгийн НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн:

-Соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлах тал дээр орон нутгийн зүгээс бодлогоор дэмжин ажиллаж байна. Бид уралдаанаа уртын дууны алдартай дууны нэг болох “Өндрийн өвс” дуугаар 100 гаруй хүмүүс дуулж эхлүүллээ.

Мөн бид зөвхөн улсын уралдаан тэмцээн явуулаад зогсохгүй эрдэмтэн судлаачдыг урин авчирч уртын дууны чиглэлээр, ялангуяа говь нутагт түгэн дэлгэрч өвлөгдсөн алдартай дуунуудын судалгааны илтгэлийг залуу уртын дуучдад сонсгож соёлын уламжлалыг танилан мэдүүлж байгаа нь илүү үр дүнтэй онцлог ажил болж байна.

Энэ нь бид өв соёлоо хамгаалах түгээн дэлгэрүүлэх ажил амжилттай хийгдэж байгаагийн нэг илрэл гэж бодож байна. Соёлын биет бус өвийг өвлөн уламжилж байгаа чиглэлийн тэмцээн уралдааныг аль болох олон нийтийг хамруулж говийн бүсийн хэмжээнд, цаашлаад улсын хэмжээнд зохион байгуулахыг зорин ажиллаж байна.

Related news