ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр суманд амралтын өдрөөр 11 мянган мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-15 15:14:30

Арвайхээр /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг “Бүх нийтээр мод тарих” үндэсний өдөр болгосон. Энэ өдөр Арвайхээр сумын хэмжээнд 145 байгууллагын 200 гаруй алба хаагч 11 мянган мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.



Энэ жил мод тарих хөдөлгөөнийг Арвайхээр сумын “Баян Намсрай” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж,  төр, төрийн бус байгууллагуудаас 23 га газарт мод бут тариад байгаа юм. Тарьсан модны усалгаа, арчилгааг Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ хариуцан ажиллана.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Өвөрхангай аймаг нэгдэж, 20 сая мод тарих гэрээ байгуулсан. Энэ жил аймгийн хэмжээнд 800 мянган мод тарих төлөвлөөгөөтэй байна. Үүнээс Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин суманд тус бүр 120 мянга, бусад суманд 10-50 мянган мод тарих юм.


Мөн ногоон байгууламжийг шинээр 35 га, ойн зурвасыг 42 га, шинэсний тарьцаар хийх ойжуулалтын ажлыг 27 га, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 15 га талбайд тус тус хийхээр төлөвлөжээ. Аймгийн БОАЖГ-аас мод тарих өдрийг угтан тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг өнгөрсөн долоо хоногийн турш зохион байгуулж, Өвөрхангай , Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн 7 аж ахуйн нэгж оролцсон байна. 






Related news