ДУНДГОВЬ: 100 гаруй өрх “Монгол алтайн алтан алим”-ын 579 мод тарилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Энэ жил Дундговь аймагт 100 гаруй өрх "Монгол алтайн алтан алим"-ын 579 мод тарилаа.
Гуравдугаар сард Ховд аймгийн тэргүүний тариаланч, “Булган голын алим” ХХК-ийн захирал Х.Балжинням, түүний хүү Б.Эрдэнэбаяр болон “Монгол алтайн алтан алим” ХХК-ийн захирал С.Ариунбаатар нар Дундговь аймгийн тариаланчдын хүсэлтээр ирж, 150 гаруй иргэнд “Алим тариалах арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулсан төдийгүй алимын суулгацаа хямдруулан 35000 төгрөгөөр нийлүүлэхээр болсон юм.
Тус аймгийн тариаланчид нэгдэн захиалга өгснөөр Дэлгэрцогт, Баянжаргалан, Цагаандэлгэр сумын цэцэрлэг, Сайнцагаан сумын Цэгц билиг сургууль, 100 гаруй өрх ийнхүү алим тариад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр, “Дундговио ногооруулъя” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд тус аймаг ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөж бүхий жимс, жимсгэнийн мод тариалах, нарийн ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих бодлого барьж буй. Тиймээс “Монгол алтайн алтан алим” ХХК-тай хамтран дээрх сургалтыг зохион байгуулсан ба тус компанийн захирал С.Ариунбаатар Дундговь аймагт 160 ширхэг өрөл, 20 ширхэг алимын суулгац бэлэглэжээ.
Дундговь аймгийн хувьд хөрсний бүтцийг сайжруулах, усны асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа ч нарны тусгал сайтай, дулаан уур амьсгалтай байгаа нь алим тарихад давуу тал болж байгааг сургагч багш нар онцолж, хамгийн гол нь нөмөртэй газар тарих эсвэл нөмөр хийхийг зөвлөжээ.
Энэхүү алимын сортыг Дундговьд тарьж ургуулсан туршлага бий. Тухайлбал, Сайнцагаан сумын иргэн П.Очирбат алимын 9 суулгац, О.Алтангэрэл 45 суулгац тарьж, ургуулсан бөгөөд энэ жил модны тоогоо нэмсэн байна. Нэг модноос 20-30 кг алим хураан авах боломжтой төдийгүй говийн хөрсөнд тарьсан алим маш сайхан амттай, шүүслэг байдгийг тэд онцолсон юм.