ТӨВ: СТА Р.Янжиндулам олон улсын ганцаарчилсан жүжгийн наадамд тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-22 14:59:32

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам дээд зэрэглэлийн “International Monodrama Festival-Bitola” наадамд оролцож Гранд прикс шагналыг хүртэв. Энэхүү наадам нь ЮНЕСКО-гийн дэргэдэх Театрын урлагийн институтээс зохион байгуулдаг “One man show” нэг хүний жүжгийн олон улсын уралдаант фестиваль юм.


24 дэх жилдээ зохион байгуулж буй А зэрэглэлийн эл фестиваль өнөө жил Македоны Битола хотноо болсон бөгөөд Жүжигчин Р.Янжиндулам уг фестивальд зохиолч найруулагч Ц.Баясгалан, зураач, найруулагч Б.Батдэлгэр, хөгжмийн зохиолч П.Дэлгэрсайхан нарын “Би хэн бэ” жүжгээр оролцсон. Тус уран бүтээлээр тэрбээр 2021 онд “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн уралдаант наадмын Гранпри шагналыг хүртэж байв.


“Би хэн бэ” жүжиг нь амаржсаны дараах эхийн сэтгэл гутрал, хямралыг олон янзын өнгө төрхөөр илэрхийлсэн. Тодруулбал, Амаржаад удаагүй Сувд бүсгүй жирэмсэн байхдаа ихээр жин нэмсэн. Интернэтэд байгаа гоё хүүхнүүдийн зураг, бичлэгтэй өөрийгөө харьцуулж, өөртөө итгэх итгэлээ алдсан нэгэн. Гэртээ хүүхдээ хардаг тэрбээр нөхрийгөө бусад бүсгүйчүүдтэй холбож, муугаар төсөөлж хардана. Энэ ганцаардал нь нойргүйдэл, ухаан санаа самуурах зэрэг хүндрэлээр илэрч байгаа тухай өгүүлдэг юм.  

Related news