БАЯНХОНГОР: Төгсөгчдийн төгөл байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-23 10:20:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 2003 оны төгсөгчид Оготнотой булгийн Спорт цогцолборт 1 га газар хашиж, 3 төрлийн 550 ширхэг мод тарьж хүлээлгэн өглөө.


2003 оны төгсөгчид нэгдэн "Хонгорынхны хамтын хүч" ТББ-ыг байгуулан, төгсөлтийнхөө  20 жилийн ойд зориулан нийгэмд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг энэ оныг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ.


Ийнхүү мод тарих ажлаас гадна спортын уралдаан тэмцээн, төрөлх нутгийнхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдэд нээлттэй ажлын байрны талаар мэдээллийг хүргэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос цогц хэлбэрээр үзүүлэх, түр болон байнгын ажлын байранд иргэдийг зуучлах зорилгоор “Хөдөлмөр хүнийг бүтээнэ” ажлын байрны өдөрлөгийг Баганат талбайд мөн зохион байгуулсан юм.


Төгсөгчдийн төлөөлөл хэлэхдээ, "Төгсөлтийнхөө 20 жилийн ойн хүрээнд эх байгалиа хайрлан хамгаалах, ногоон ирээдүйг цогцлоох, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуурганы эсрэг үр дүнтэй тэмцэх зорилгын хүрээнд мод тарьцгаалаа. Эрдмийн гараагаа эхлүүлсэн сургууль, анги хамт, төгсөлтөөрөө зөвхөн ойн баяр тэмдэглээд өнгөрөх биш орон нутагтайгаа эргэх холбоотой ажиллах шийдлийг бид дэвшүүлж байгаа юм. Цаашид нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагааг өрнүүлнэ" гэдгийг онцолж байлаа.


Related news