ДАРХАН-УУЛ: Мялзан өвчнөөс сэргийлэх вакцин бог малд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-24 17:02:19

Дархан /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Ухаа хошуу гэх газарт бог малын гоц халдварт мялзан өвчин энэ сарын 23-ны өдөр бүртгэгдсэн байна. Мялзан өвчин гарсан бүс нутаг Дархан сумаас 15-20 километрийн зайд байдаг. Тиймээс уг өвчнийг аймгийн нутагт дэгдээхгүй байх үүднээс Дархан-Уул аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай хуралдан Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын Онцгой комисст уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өглөө.


 


Энэ дагуу зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 184 мянган бог мал болон төл малыг /хонь, ямаа/ урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаар боллоо.  Малд вакцин хийснээс хойш 21 хоногийн дараа дархлаа суудаг аж. Дархлаа суух хүртэлх хугацаанд вакцин хийлгэсэн малын мах, сүүг хэрэглэдэггүй аж. Тиймээс худалдан авч буй мал, мах, сүүнийхээ гарал үүслийн бичгийг нягтлахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.


Одоогоор манай улсын 12 аймгийн 55 суманд Малын гоц халдварт  мялзан өвчин бүртгэгдсэн аж.

Ташрамд, мялзан өвчин үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг. Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж, агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг ажээ.




Гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирдож дамждаг. Халдвар авсан үед халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болон зарим тохиолдолд үхэлд хүргэх эрсдэлтэй аж.

Related news