ЗАВХАН: Тэтгэвэрт гарсан алба хаагчдад тэтгэмж давхардуулан олгосон зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-25 12:04:45

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг дахь Төрийн Аудитын газраас үйл ажиллагааны үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийсэн үнэлгээг олон нийтэд мэдээлэв.


Монгол Улсын Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйл, төсвийн тухай хуулийн 8.9 дугаар зүйлийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 304 байгууллагыг хамруулан санхүүгийн тайлангийн аудит хийжээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар 108 байгууллагын үйл ажиллагаанд үе шатны ажлыг хэсэгчлэн, 196 байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх аудитыг хийсэн. Харин хувийн аудитын хоёр компани 96 байгууллагад санхүүгийн тайлангийн аудитыг хийсэн байна.  



Санхүүгийн тайлангийн аудитаар бие даан санал дүгнэлт өгсөн 196 нэгж байгууллагаас 155 буюу 79.1 хувьд нь зөрчилгүй, 36 буюу 18.4 хувьд нь хязгаарлалттай, 5 буюу 2.5 хувьд нь сөрөг санал дүгнэлтийг өглөө.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 32,691.7 сая төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлж, 8,789.3 сая төгрөгийн алдаа зөрчлийг аудитын явцад залруулсан. Харин залруулагдаагүй 22,115.6 сая төгрөгийн зөрчилд, 110.0 сая төгрөгийн зөрчилд 84  төлбөрийн акт, 4,476.9 сая төгрөгийн зөрчилд 17 албан шаардлага өгч, 17,528.7 сая төгрөгийн  326 зөрчилд зөвлөмжийг хүргүүлээд байна. Мөн 14 зөрчилд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар дараах нийтлэг зөрчлүүд байна. Тухайлбал, төсвийн захирагч нар цалин хөлсийг зөрүүтэй тооцон олгодог, мөн нэмэгдлийг хууль журамд нийцүүлээгүй болон үр дүнгийн урамшууллыг журмын дагуу олгодоггүй. Төсвийн төвлөрүүлэн захирагч нар засаг даргын нөөцийн сангийн хөрөнгийг зориулалт бус, үр ашиггүй үрэлгэн зарцуулах байдал нэмэгдсэн. Он дамжсан авлагыг барагдуулах арга хэмжээг авч ажиллаагүй, хэмнэсэн төсвийг харилцагч байгууллагууд руу шилжүүлж санаатай авлага үүсгэсэн.


Тэтгэвэрт гарсан алба хаагчдад тэтгэмж давхардуулан олгосон, тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг зөв тооцоолоогүй, ажилласан жил, цалинг буруу тооцсон. Холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэргүй хөрөнгө бэлтгэсэн, худалдан авсан бараа материалыг шууд зардлаар бүртгэсэн.

Аймаг болон сумдын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалт бус, журамд тусгагдаагүй төсөл арга хэмжээ санхүүжүүлэхэд зарцуулсан, гүйцэтгэлд үндэслэн санхүүжилтийг олгоогүй. Хоршоо хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах арга хэмжээ авч ажиллаагүй.

Зардлыг эдийн засгийн ангиллын дагуу зарцуулаагүй, зардал хооронд гүйлгэн зарцуулсан гэсэн нийтлэг зөрчлүүд гарсан. Тиймээс дээрх санхүүгийн тайлангаар аудитын гарсан алдаа зөрчлүүдийг дүгнэж, төсвийн захирагч нарын хууль эрх зүй, санхүүгийн мэдлэг дутмаг, дээд шатны төсвийн захирагчаас доод шатны төсвийн захирагч нарыг чиглүүлэх.

Арга зүйгээр хангах байдал зэрэг дутмаг байгаад хамгийн нөлөөтэй холбогдох эрх бүхий албан тушаалтан, албан хаагчид анхаарах хэрэгтэй байгааг сануулж байна гэж Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас мэдээлэв.

 

Related news