БАЯНХОНГОР: Төрийн албаны ерөнхий шалгалтад 46 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-25 11:51:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2023 оны хоёрдугаар улирлын Төрийн албаны Ерөнхий шалгалт энэ сарын 24-ний өдөр болж, хуваарийн дагуу таван ээлжээр зохион байгуулсан байна.


Баянхонгор аймагт Ерөнхий шалгалт өгөхөөр нийт 119 иргэн бүртгүүлснээс шалгалтад 92 иргэн оролцож, 46 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцжээ.


Төрийн албаны гуравдугаар улирлын Ерөнхий  шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 16-31-ний хооронд явуулж, шалгалтыг есдүгээр сарын 20-нд, дөрөвдүгээр улирлын шалгалтын бүртгэлийг 11 дүгээр сарын 2 хүртэл авч, 11 сарын 22-нд зохион байгуулах тов гарсан байна.


Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж болох талаар зохицуулалт туссан. Төрийн албаны зөвлөлөөс энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу дөрвөн удаа зохион байгуулахаар тогтсон аж.


Related news