ӨВӨРХАНГАЙ: Халдварын бус өвчлөлийг бууруулах "Монпэн санаачилга" төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-25 16:53:16

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хувьд зүрх судасны өвчлөл, цус харвалт, элэгний хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. 2022 оны байдлаар нийт нас баралтын 253 буюу 49.5 хувь нь зүрх судас, 145 буюу 28.5 хувь нь хавдрын өвчлөл байв.


Иймд  чихрийн шижин, зүрх судасны өвчний тархалтыг багасгах, урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийн хүмүүст үзүүлэх  тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилго бүхий “МОНПЭН санаачилга” төслийг ДЭМБ-ын тусламжтайгаар Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтийг хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, аймгийн Засаг дарга А.Ишдорж болон аймгийн эрүүл мэндийн байгууллага, сумдын ЭМТ, өрхийн ЭМТ-ийн төлөөлөл оролцлоо.


“Өвөрхангай аймгийн 2022 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр хүн амын дундаж наслалт 72.8 байгаа нь улсын дунджаас 0.8 насаар урт насалж байгаа нь амжилттай боловч 100 000 хүн амд ногдох зүрх судасны өвчний нас баралтаар бусад аймагтай харьцуулахад 3-рт орж байгаа нь халдварын бус өвчлөлийн тусламж үйлчилгааг анхан шатанд илүү анхаарч, урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, хяналтыг улам сайжруулах хэрэгцээ шаардлага тулгараад байгааг харуулж байна” хэмээн Эрүүл мэндийн сайд С. Чинзориг хэлсэн үгэндээ онцоллоо.




Related news