ХОВД: Баатархайрхан уулын тахилгад 500 гаруй хүн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-29 16:01:19

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн төвөөс 8 км зайд орших Баатархайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.  

Хүүхэд, залууст эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгальтай зөв боловсон харьцах үзлийг төлөвшүүлэх, уул овоо тахих зан үйлийг ард иргэдэд сурталчлах зорилгоор зохион байгуулж буй Баатархайрхан уулын тахилгад 500 гаруй сүсэгтэн оролцож байна. 

Энэ үеэр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн, Хамба лам Д.Чойжамц тэргүүтэй баруун 5 аймгийн лам нар ном хурж, тахилгын ёслол үйлдлээ. 

Баатархайрхан уулын тахилгын үйл ажиллагааны нэг хэсэг бол Долоон бурхан одыг тахих ёслол байв. Тахилгын үйл ажиллагаа Ховд аймгийн төв, спортын ордонд Бөхийн барилдаанаар үргэлжилж байна.  

Уул овоо тахих зан үйл нь Дэлхийн ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн, монголчуудын уламжлалт томоохон соёл юм. Ховдынхон Баатархайрхан уулын тахилгыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байжээ.   

Уул, овоо тахих зан үйл хийснээр уул усны эзэн савдаг баярлаж, байгаль дэлхий ээл буянаа өгч, хур бороо алив сайн сайхан бүхнээ хайрладаг гэж монголчууд бэлгэшээдэг

Related news