ХОВД: Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Ховдынхон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-30 19:36:03

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 900 гаруй хүн бүртгэлтэй байна. 


Соёлын яам, Ховд аймгийн Соёл, урлагийн газраас "Соёлын сэргэлт-2023" аяны хүрээнд Ховд аймгийн зарим өвлөн уламжлагчдыг онцлон танилцуулжээ.  


Алтайн урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж  

Олон угсаатны ёс заншил, соёл айлсан оршиж, хоршин сүлэлдэн байх эв эеийн орчлонг зөвхөн Ховд нутгаас харж болно.

Ховд нутгийнхан товшуурын аялгуунд туульсын баатруудтай орчлонгоор аялж, цуурын аялгуунд сэтгэлээ сэргээнэ, икэлийн аялгуунд тоокуу госоо өмсөөд бий биелгээ хийж, алтайн цэнхэр салхи исгэрэх шиг хөөмий сонсож, уран тансаг нугараачийн хөдөлгөөнд нүд баясан суудаг ард түмэн. 

Угсаатан бүр нь өөр өөрийн гэсэн өв соёлоо өнөө цагт ч өвлөн уламжлан ирсэн нь Ховд нутгийн гайхамшиг гэлтэй. "Соёлын сэргэлт" аяны хүрээнд Соёлын биет бус өв өвлөн уламжлагч төрийн титэмт туульч Н.Дамдиндоржийг онцолж байна. 

Тэрбээр хөлгөн их туульсын үргэлжлэл, Алтайн урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үеийн туульч билээ. 

3 настайгаасаа цуур хөгжим тоглож, 15 настайгаасаа эхлэн тууль хайлж сурсан байна. Н.Дамдиндорж алтайн урианхайн баатарлаг тууль "Наранхүү хаан", “Зул алдар хаан”, “Аргил цагаан өвгөн”, “Долоон түмэн настай довон хар бөх” гэхчлэн 3 мянгаас 10 мянга гаруй мөртэй туулийг хэдэн өдөр үргэлжлэн хайлдаг туульч юм. 


Урианхай тууль бол хоолойн цар хүрээ их шаарддаг, амьсгаа түгжиж баргил хоолойгоор хайлдгаараа онцлогтой. 


Туульч Н.Дамдиндорж 1992 оноос хойш Ховд аймгийн Дуут суманд “Дуут нуур” дугуйлан хичээллүүлж, магтаал, тууль, цуур, икэл хөгжим зааж ардын урлагаа өвлүүлэн уламжлуулж байна. Түүний шавь нар Ховд аймагт жил бүр зохион байгуулдаг язгуур урлагийн наадамд амжилттай оролцдогоос гадна 2015 онд Сүхбаатарын талбайд Ховд аймгийн соёлын өдрөөр тууль хайлж, цуур, икэл хөгжим тоглож биет бус соёлын өвөө олонд сонордуулсан. 


Өндөр сүрлэг Алтайн уулсын дунд орших Ховд аймгийнхан түүх, соёл, ёс заншил, биет бус өвөө үеийн үед өлгийдөн хадгалсаар байна. 


Баруун Алтайн салхины исгэрэлт шиг хүн хөгжим-Хөөмий 

Хөөмийн яруу тунгалаг аялгуунаас  шувууны жиргээ, салхины исгэрээ, горхины хоржигноон, хүрхрээний нүргээн, голын хайрга сайрын чулуу үл мэдэг хөдлөх зэрэг байгалийн түмэн өнгийн, мянган гайхамшигт авиаг сонсож, сэтгэлийн амар амгаланг мэдэрч болно. Монгол нутгийн байгалийн гоо сайхныг мэдэртэл нь аргил, баргил, цээл хоолойгоор хоршин эгшиглүүлэн хөөмийдөн, товшуур хөгжмөө хуурдахад танхимд суугаа үзэгчид амьсгаа даран нам гүм болдог юм хэмээн Ховд аймгийн Чандмань сумын хөөмийч Р.Даваажав хуучилж байна. 


Хөөмийч Р.Даваажав 1985 оны үед ХБНГУ-д болсон “Монгол соёлын өдөрлөг”-т оролцож хөөмийгөө эгшиглүүлэхэд монгол хөөмийг хүн хөгжим гэж нэрлэн, дэлхийн олон улс орны хүмүүс шагшин магтаж байсан гэдэг. 


Хөөмийн яруу тансаг аялгууг дэлхийн олон улс оронд таниулж яваа Р.Даваажав 2016 онд Франц улсын бүх муж, хотоор аялан тоглолт хийж, Монголын язгуур урлагийг олонд сурталчилж байсан нэгэн билээ. 


Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Р.Даваажав гуайн хөөмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Тэрбээр зөвхөн Монголд л байх соёлын биет бус өвийг хөгжүүлэхийн тулд 17 настайгаасаа эхлэн өдгөө 52 жилийн амьдралаа зориулж явна.   


Хөөмийч Р.Даваажавыг зорин ирж хөөмий сурах хүн олон байдаг. Тэрбээр 50 гаруй шавь бэлтгэсэн бөгөөд франц, япон хүн хүртэл хөөмий сурахын тулд Ховд аймагт түүнийг зорин ирдэг. 


Тэрбээр орон нутагтаа малаа маллаж амьдрахаас гадна сургуулийн хүүхдүүдэд хөөмий, ерөөл магтаал, товшуур хөгжим зааж соёлын биет бус өвөө өвлүүлэн уламжлуулж байна.


Монгол хөөмий бол ямар нэгэн хөгжмийн зэмсэггүйгээр бүхэл бүтэн найрал хамтлагийг ч орлож чадах боломжтойгоороо хорвоод хосгүй аман хуур буюу хоолойд орших орган юм.


8 настай балчраас 80 настай буурай хүртэл хотол олноор бий биелж, уян налархай бүжье

Дэлхийн соёлт хүн төрөлхтний өв их санд монголчуудын оруулсан бас нэгэн гайхамшиг бол бий биелгээ юм. Гайхамшигт энэ урлагийг гагцхүү нүүдэлчид бүтээж, хэзээ ч  хэн ч давтаж чадахааргүй ардын сонгомол урлагийн нэг төрөл болгон хөгжүүлжээ.


Биелгээ нь олон угсаатны хэл, түүх, уламжлал, заншил, дуу хөгжим, үлгэр домог, туульс, хувцас өмсгөл, тоглоом наадам зэргийг өргөн утгаар нь өөртөө цогцлоон багтааж уламжилдаг байна. 


Баруун хязгаар Ховд нутгийн ард түмний найр наадмыг бий биелгээгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд икэл, товшуур, морин хуур хөгжмийн аялгуунд биелгээг нэг нь эхэлж нөгөөдөө дамжуулан 8 настай балчраас 80 настай буурал хүртэл хотол даяар бүжиглэж, биеийн хөдөлгөөний уран налархай чанарыг гайхуулдаг. 


Баруун монголын урианхай бий биелгээг хөгжүүлж яваа Б.Бадамцэцэг 3 настайгаасаа эхлэн аав ээж, өвөө эмээгээ дуурайн биелж эхлэн, одоо захчин ардын 13 төрлийн бий биелгээ сурч эзэмшсэн байна. 


Тэрбээр 1990 оноос хойш Ховд аймгийн Манхан суманд ирж амьдран бий биелгээгээ түгээн дэлгэрүүлж яваа.  


Биелээч Б.Бадамцэцэг Манхан сумын цэцэрлэгт багшаар ажилладаг бөгөөд уламжлалт өв соёлоо бяцхан хүүхдүүдэд зааж сургасаар өнөөдөр 700 орчим шавьтай болсон байна. 

Related news