ХӨВСГӨЛ: “1000 инээмсэглэл” хүүхэд баярлуулах хөтөлбөр хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "1000 инээмсэглэл" хүүхэд баярлуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудын жаргалтай дурсамжийг бүтээлцэх, тэдэнд баяр баясал бэлэглэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн өөрийгөө хөгжүүлж, бүтээлчээр суралцаж байгаа, ирээдүйд зөв, сайн хүн болох хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд хамрагдаж байна.
“1000 инээмсэглэл” хүүхэд баярлуулах хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын 14 багийн 200 хүүхдэд “Зүүд урлаач Хугашхан” жүжгийг үнэ төлбөргүй үзүүлж, тэдний мэдлэг, хандлага, оюун ухаанд, соёл, төлөвшилд нь дэмжлэг үзүүлсэн байна.
Энэ үеэр хүүхдүүдэд “Хүүхэд эрхэм хэрэглэгч”, “Найз байя” нөлөөллийн аяны мэдээллийг хүргэж, аливаа эрсдэлээс өөрсдийгөө урьдчилан сэргийлж, хамгаалах мэдлэг, ойлголт өгч, бусдыг ямагт хүндэтгэн, бүх хүнтэй найз шиг байхыг эрхэмлэж явахыг хүслээ.
Тус үйл ажиллагааг Мөрөн сумын 14 багийн Засаг дарга, хамтарсан
багийн ахлагч, гишүүд хамтран зохион байгуулж байна.