СҮХБААТАР: Одон хүртсэн эхчүүдийн хамгийн залуу нь 25 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-31 16:41:09

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 5 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар зарлигаар "Эхийн алдар" одон хүртсэн Баруун-Урт сумын эхчүүдэд Эх үрсийн баярын босгон дээр аймаг, сумын удирдлагууд шагналыг нь гардууллаа. Тус сумаас нэгдүгээр зэргийн одонгоор зургаа, хоёрдугаар зэргийн одонгоор 114 нийт 120 эх дээрх шагналыг хүртсэн юм.

 

Гэр бүлийн аз жаргал бол үр хүүхэд байдаг. Үр хүүхдээ сайн иргэн болгож өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол улс орныхоо ирээдүйн оршин тогтнох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Энэхүү үүргээ нэр төртэй биелүүлж, улс эх орон, аймаг орон нутагтаа зөв иргэн, зөв хүн өсгөн хүмүүжүүлж өгч байгаа нийт эхчүүдэдээ талархал илэрхийлж, баяр хүргэе. Бид ирээдүй болсон хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, өөрийнхөө хүслээр хөгжих тэр боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэдгээ Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр нээлтийн үгэндээ онцлов.

 

Баруун-Урт сумаас одон хүртсэн эхчүүдийн хамгийн залуу нь 25, ахмад нь 50 настай байна. Харин нэгдүгээр зэргийн одон хүртсэн эхчүүдийн хамгийн залуу нь 36 настай. Түүнийг н.Энхцэцэг гэдэг бөгөөд зургаан охины ээж. Хамгийн бага хоёр нь ихэр. Цэцэгс шиг охидоороо нэрээ, гэрээ чимж амьдардаг. Энэ бол хамгийн үнэтэй хамгийн эрхэм шагнал байдаг. Ханьдаа, хайртай гэр бүлийнхэндээ, найз нөхдөдөө маш их баярлалаа. Охидоо эрдэм номтой, улс эх орондоо ихийг хийж бүтээх сайн иргэн болгон өсгөнө хэмээн сэтгэгдлээ хуваалцав.  


Сүхбаатар аймгийн хэмжээнд ""Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор 13, хоёрдугаар зэргийн одонгоор 242 нийт 255 эх шагнуулжээ. 

Related news