ДУНДГОВЬ: "Орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо" сэдвийн дор хүүхдүүд өөрсдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-01 09:37:06
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Дундговь аймгийн ЗДТГ, МЭХ-ны салбар хамтран “Орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Сайнцагаан сумын 5 сургуулийн 350 хүүхэд оролцож, хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, аюулгүй байдал, оролцооны асуудлаар нөхцөл байдлыг дүгнэн ярилцаж, өөрсдийн санал, үзэл бодлоо илэрхийлсэн юм.



Уулзалтын үеэр сургууль бүрийн төлөөлөл болсон манлайлагч сурагчид “Өсвөрийн парламент”, “Орон нутгаа хөгжүүлэхэд хүүхэд бид юу хийж чадах вэ”, “Орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо, “Сурагчдын өөрөө удирдах зөвлөлөөр хүүхдийн оролцоог дэмжих нь”, “Хогтой найзалья” сэдвүүдийн хүрээнд илтгэл тавилаа.

Тухайлбал, Мандал сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Баярцэцэг тавьсан илтгэлдээ хүүхдүүдийн сурч, хөгжих орчны хүртээмж, чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа байдал, тулгамдаж байгаа асуудлыг танилцуулж, түүнийг хэрхэн сайжруулах талаар саналаа хэлсэн төдийгүй орон нутгийн хөгжилд хүүхдүүд юу хийж оролцож чадахаа илэрхийлсэн.

Тэрбээр Дундговь аймаг Ид шидийн орон хүүхэд хөгжил, хамгааллын төвтэй болсон нь сайхан байгаа ч аймгийн бүх хүүхдэд хүрч үйлчлэх боломжгүй учраас өөр хөгжлийн төвүүд бас хэрэгцээтэй байна, сургуулийн спорт заал хүүхдүүдэд үйлчилдэггүй, мөнгөө төлсөн хүмүүст цаг өгч байна, архи, тамхи худалддаг аж ахуйн нэгж байгууллагууд хүүхдүүдэд үйлчилж байна, орон сууцны дундах хогийг ойр ойрхон ачихгүй байгаа учраас орчны бохирдол бий болж байна зэрэг асуудлыг хөндөж, анхаарлаа хандуулан шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Мөн “хүүхдүүд бид орон нутгийнхаа хөгжилд оролцохын тулд хичээж суралцах, дуу хоолой, үйлдлээрээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, манлайлах, хууль, дүрмийг дагаж мөрдөх, хэрэгцээтэй мэргэжлээр суралцан эргэх холбоотой байх, өөрийгөө дайчлан бүхий л чиглэлээр мэдлэг, боловсролоо дээшлүүлэн ирээдүйд сайн боловсон хүчин болж чадна” гэсэн юм.



Харин Говийн ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Ц.Соёлмаа тавьсан илтгэлдээ “Хүүхдийн хөгжил оролцоо хандлагаас эхэлдэг. Зөв хандлага бол хөгжлийн суурь юм. Хүүхдүүд орон нутгийн хөгжилд маш олон талаас оролцдог, гэхдээ нийгмийн оролцоо, орчны оролцоо, хөдөлмөрийн оролцоог бий болговол орон нутгаа хөгжүүлж чадна” гэдгийг онцолжээ.

Хэлэлцүүлгийн үеэр хүүхдээс гэрэлтүүлгийг сайжруулах, зам засах, эзэнгүй байшин барилгуудыг буулга эсвэл өнгө үзэмжийг сайжруулах, Хүүхэд хөгжлийн сан байгуулах, аймгийн удирдлагууд ойр ойрхон хүүхдүүдтэй уулзаж, хамтран үйл ажиллагаа зохион байгуулдаг байх, сургуулийн орчны тохижилтыг сайжруулах зэрэг маш олон санал гарч, аймгийн удирдлагуудын зүгээс төлөвлөгөөндөө тусган шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Хүүхдийг хөгжүүлэх сан байгуулж, ирэх хичээлийн жилээс эхлэн сар бүр хүүхдүүдтэй уулзаж байна гэдгээ илэрхийлж, анхны уулзалтыг өөрөө санаачлан зохион байгуулахаар болжээ. Тэрбээр хүүхэд бүрд “Дүүлэн нис” ном бэлэглэж, ирээдүйд улс, аймаг, орон нутгаа хөгжүүлж, авч явахын тулд зөв хандлагатай, хүсэл мөрдлөөрөө жигүүрлэн мэдлэгтэй, чадвартай иргэн болж төлөвшин хөгжихийг хүссэн юм.

Түүнчлэн МЭХ-ны салбарын тэргүүлэгч Г.Мөнхтуяа “Дүүлэн нис” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд төлөвлөгөөтэй, зохион байгуулалттайгаар үргэлж хичээж, хөдөлмөрлөж, сурч, хөгжихийг уриаллаа.















Related news