ДОРНОД: Загас ихээр үхсэн асуудалтай холбоотойгоор ажлын баг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан /МОНЦАМЭ/. Буйр нуурын эрэг дагуу загас ихээр үхсэн тухай мэдээлэл ирүүлсний дагуу БОАЖГ, УЦУОШТ, Буйр Мэнэнгийн сав газрын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын баг томилогдож, шалтгаан нөхцөлийг тогтоохоор хөдөлжээ.
Ажлын багийнхан гадаргын уснаас дээж авч, химийн найрлагыг судлах, үхсэн загаснаас эдийн шинжилгээ авах, загаснаас өөр төрлийн амьтан үхсэн эсэхийг судалж, олон нийтэд мэдээлэх аж.
Зарим жил цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж Буйр нуурын баруун урд тал, Баян нуур орчимд загас ихээр үхэх тохиолдол өмнө нь гарч байжээ. Харин энэ жил Буйр нуурын усны түвшин өмнөх оноос бага, салхины хэмжээ өнгөрсөн жилээс их буюу хаврын улиралд ихэнх өдрүүдэд дунджаар 10-17 м/с хүрч салхилсан нь үүнд нөлөөлсөн байж болзошгүй гэж таамаглаж байна.
Буйр нуурт Булуу цагаан, цурхай, морин загас, амарын сугас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг хэлтэг зэрэг зургаан овгийн 36 зүйл загас, 49 зүйлийн хөвөгч замаг бий. Түүнчлэн зөвхөн энэ нууранд л Улаан номд бүртгэгдсэн Леандер 1778 хавч амьдардаг.