БАЯНХОНГОР: Судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-07 15:13:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас санаачлан олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Найз байя” аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнуудын дунд нөлөөллийн ажлыг шат дараатай хийж буй.


“Найз байя” аянд Баянхонгор аймаг нэгдэж аймгийн ГХУСАЗСЗ, Баянхонгор сумын ЗДТГ, БШУГ, ГБХЗХГ-аас хамтран өнөөдөр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг Номундалай цогцолбор сургуульд  зохион байгуулж, 20 сумын хүүхэд багачуудын төлөөлөл, эцэг эх асран хамгаалагчид, ЕБС-ийн багш, ажилтан, сургагч багш болон орон нутгийн удирдлагуудыг оролцууллаа.


Монгол Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 26002 дуудлагаас хүүхдийн эрх хамгааллын дуудлага 4002 байгаа бөгөөд үе тэнгийн дарамт хүчирхийллийн 110 дуудлага хүлээн авч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна. Улаанбаатар хотын есөн дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.


Тэгвэл Баянхонгор аймгийн хэмжээнд хүүхэд багачуудын дунд явуулсан судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулсан бөгөөд үүнд өртсөн хүүхдүүдийн тодорхой хувь нь ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй байдаг гэжээ.


Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд мэргэжлийн сэтгэл зүйчтэй болж буйн зэрэгцээ зөвлөгөө авах төвүүдийг сургуулиудад байгуулж эхлээд байгаа юм. 


Дээрэлхүүлэх нь хүүхдийн сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд, сурлага, зан чанар, амьдралыг үзэх үзэлд сөргөөр нөлөөлдөг төдийгүй нийгэмд олон сөрөг үр дагаврыг бий болгодог бөгөөд үүнийг таслан зогсоохын тулд бүх талын оролцоо, хандлага, нөлөөлөл чухал гэдгийг аяныг зохион байгуулагчид онцолж байна.



Related news