БАЯН-ӨЛГИЙ: Өлгий боомтын үйл ажиллагааг сэргээх асуудлыг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-07 15:14:53

Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 58 дугаар тогтоолоор агаарын замын Өлгий боомтыг байгуулсан ч 2014 оноос үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа. Тус боомтын үйл ажиллагааг сэргээх чиглэлээр ямар бодлого баримталж байгааг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгаас тодрууллаа.


Тэрбээр хэлсэн үгэндээ, "Одоогийн байдлаар Монгол Улс агаарын 4 боомттой байгаа. Нэмээд 2-3 боомтын асуудал яригдаж байгаагийн дотор Өлгий боомт байна. Гэхдээ хараахан шийдвэр гараагүй. Үүнийг шийдэхийн тулд нисэх буудлыг өргөжүүлэх шаардлагатай. Эхлээд хатуу дэд бүтэц бий болгоод, түүнд тохирсон олон улсын стандартыг суулгаж өгөх ёстой. Тийм учраас тухайн асуудлаар аймаг орон нутгууд ч санаачилгатай ажиллаж, уралдах хэрэгтэй. Бид бүх боломжит агаарын боомтуудыг судалж байгаа. Зурвасыг өргөтгөх, боомт дээр ажиллах боловсон хүчнүүдийг бэлтгэх, дүрэм журмуудыг нь олон улсын стандартын жишигт хүргэж аттестатчилах ажлуудыг хийж байж олон улсын боомт болгох ёстой" хэмээн хэлэв.


Ташрамд сануулахад, Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Өлгий нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С ангилалтай болгох ажлын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахыг Зам тээврийн хөгжлийн яаманд даалгасан. Энэ хүрээнд улсын төсвөөс 500 сая төгрөг шийдвэрлэж, нисэх буудлыг өргөтгөх ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна.


Тухайн ажлын зургийн даалгаварт аэродромын хөөрч буух зурвасыг 4С ангиллын агаарын хөлөг буюу Boing 737-800, Airbus 320нео, Embraer 190, 3С ангиллын Embraer 145, 2B ангиллын Cessna 208, Beechraft 1900, Embraer 110 зэрэг агаарын хөлгүүдэд тохируулан уртасгах, өргөсгөх, хучилтын даацыг тооцож гаргахаар заасан ажээ. 

Related news