ЗАВХАН: Ялгаварлан гадуурхалтыг арилгахад талууд хамтран оролцох хэрэгтэйг санууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-07 16:34:22

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг тусгай хэрэгцээт иргэдийг сонсох өдөртэй болсон бөгөөд энэ оны эхний сонсох уулзалтаа зохион байгуулжээ.

Аймгийн тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хангах салбар зөвлөлөөс тусгай хэрэгцээтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг сонсох. Тусгай хэрэгцээт хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцох зорилготой уулзалтыг хийлээ. Уулзалтад Улиастай сумын 60 гаруй иргэн, холбогдох байгууллагын мэргэжилтэн, шийдвэр гаргах түвшнийхэн оролцлоо. Энэ удаагийн уулзалтаар тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас өгсөн юм.


Мөн эдгээр байгууллагуудтай холбоотой санал хүсэлтийг иргэд тавьж, тодорхой хариултуудыг авлаа. Иргэд, тусгай хэрэгцээт хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажил хэрэг болгох.  Хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэх. Тусгай хэрэгцээт иргэдийн ялгаварлан гадуурхалтыг нийгмийн бүх шатанд арилгахад талууд хамтран оролцох хэрэгтэйг санууллаа. Ялангуяа төрийн албан хаагчдын мэдлэг, хандлага, ёс зүйг сайжруулахад анхаарч ажиллахыг төрийн бүх байгууллагуудад чиглэл болгохыг хүслээ.

Тусгай хэрэгцээт иргэдийг нийгэмд баялаг бүтээгч болгон төлөвшүүлэхэд анхаарч байна

Завхан аймгийн тухайд, аймаг орон нутгийг хөгжүүлэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгай хэрэгцээт иргэдийн сурч боловсрох, нийгмийн асуудлыг нь сайжруулах. Тэдний эрхийг хамгаалах олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар тодорхой төсвийг баталдаг.


Өнгөрсөн жил гэхэд таван сая төгрөг төсөвлөж, цагаан таягтны эрхийг хамгаалах өдөр болон Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн.

Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулж, тэдний өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого барьж ажилладаг. Мөн тусгай хэрэгцээт иргэдийг жил бүр эрүүл мэндийн цогц үзлэг оношилгоонд хамруулж, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн багц үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж зэргийг хэрхэн авах талаар мэдээлэл зөвлөгөөг өгдөг.


Ер нь тусгай хэрэгцээт иргэдийг зөвхөн нийгмийн халамж, асрамж хүртэгч гэж ойлгох ойлголт дэлхий даяар өөрчлөгдсөн.

Тиймээс Завхан аймаг тэдний сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх замаар нийгэмд баялаг бүтээгч болгон төлөвшүүлэхийг зорилго болгон ажиллаж байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 


Завхан аймгийн нийт хүн амын 4.7 хувь буюу 3509 тусгай хэрэгцээт иргэн байгаагийн 18 хүртэлх насны хүүхэд 4.5 хувийг нь эзэлж байна.

Тусгай хэрэгцээт 2.0 мянга буюу 54.7 хувь нь эрэгтэй, 1.7 мянга буюу 45.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Тусгай хэрэгцээт иргэд өмнөх тооллогоос 711 хүнээр буюу 24.2 хувиар өссөн нь сүүлийн 10 жилд цаг агаарын хүндрэл, цас зуд, зам тээвэр болон ахуйн осол нөлөөлсөн байна.


Харин олдмол тусгай хэрэгцээт хүмүүс өмнөх тооллогоос 22 хүнээр буюу 1.2 хувиар өссөн байна. Төрөлхийн тусгай хэрэгцээт хүмүүс өмнөх тооллогоос 689 хүнээр буюу 63.9 хувиар өссөн шалтгааныг удамшлын эмгэг, эх барихын болон төрөх үеийн хүндрэл, хорт нөлөө, агаарын бохирдол зэрэг олон талаас нь нарийвчлан судлах шаардлага байна гэж 2020 оны хүн амын нэгдсэн тооллогын судалгаанаас харж байна.



Тусгай хэрэгцээг хэлбэрээр нь авч үзвэл хөдөлгөөний бэрхшээл 2010 оны тооллогоос 3.2 хувь, харааны бэрхшээл 20.8 хувь, сонсголын бэрхшээл 1.0 хувиар тус тус буурчээ. Харин сэтгэцийн бэрхшээл 27.5 хувиар өссөн байна.

Нийт бэрхшээлийн дийлэнх буюу 33.5 хувийг хавсарсан болон бусад хөгжлийн бэрхшээл, 24.3 хувийг хөдөлгөөний бэрхшээл эзэлж байна. Хамгийн бага буюу 3.2 хувийг ярианы бэрхшээл эзэлж байна.


Үйлдлийн чадварыг насны бүлгээр авч үзэхэд 20-24 насны үйлдлийн чадварын хүндрэлтэй хүмүүсийн хамгийн их хүндрэл нь ой тогтоолт, санах байгаа бол 35-54 насныхны хувьд алхах.

Харин 55 түүнээс дээш насныхны хувьд алхах, өөртөө анхаарал тавих хүндрэлүүд байна. Энэ нь нас ахих тусам эдгээр хүндрэл зонхилж байгааг харж болох юм гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Ташрамд 2023 оны байдлаар тусгай хэрэгцээт иргэдийн тоо хоёр хувиар буурчээ. 

Related news