ӨВӨРХАНГАЙ: Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ч монгол бичгээ шамдан сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-08 10:14:47

Арвайхээр /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Алтангадас одонт ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 6а ангийн сурагчид монгол бичиг сурч эхэлсэн эхний жилээсээ “Хүмүүн бичигтэн хамт олон” болж байна.


Хэдийгээр гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги боловч үндэсний өв соёл болсон босоо бичигт шамдан суралцаж, улс, аймаг, сургуулийн хэмжээний уралдаанд мэдлэг сойн оролцож байгаа юм. Анги даасан багш Ц.Оюунбилиг хэлэхдээ “Монгол үндэснийхээ хэл, бичгийн соёлоос суралцаж, хадгалж байж, монголчуудад дархлаа тогтоно. Хэдийгээр би гадаад хэлний багш ч гэлээ, сурагчдаа эхлээд үндэсний хэл, бичгээ зөв, сайн сураасай гэж хүсдэг. Монгол хэлээ сайн сурсан хүүхэд гадаад хэлийг сайн, хурдан сурдаг юм” гэлээ.


6а анги 36 сурагчтай. 2022-2023 оны хичээлийн жилээс монгол бичиг заалгаж, нэг жил суралцаж байгаа ч “Үндэсний бичиг үсгийн баяр”-аар зохион байгуулсан аймгийн уралдаанд хичээнгүй бичиг, түргэн уншлага, алдаагүй зөв бичгээр 2, 3 дугаар байр эзэлж, “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч” улсын уралдаанд амжилттай оролцжээ.

Монгол хэл, уран зохиолын багш Д.Бундхорол 20 дахь жилдээ тус ангид багшилж байна. Тэрбээр хэлэхдээ “Монгол бичгээр зохион байгуулж байгаа уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцсоноор хүүхдүүдийн унших, бичих ур чадвар эрс сайжирдаг. Энэ ангид сурах хүсэл эрмэлзэлтэй, идэвхтэй сайн сурагч олон бий” гэж байв. 

Related news