БАЯНХОНГОР: Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цагийг богиносгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-19 11:37:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 18.00 цагт Баянхонгор аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Наадмын үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн төвд зарим зохицуулалтыг хийж байгааг танилцуулъя.


Тухайлбал, Баянхонгор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-ийг 2023.06.18-29-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах ААН, иргэн 21.00 цаг, түүгээр үйлчлэх ААН шөнийн 00.00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хориглов. Согтууруулах ундааг зохистой хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал, нийтийн ашиг сонирхлын хүрээнд зөв соёл түгээхийг иргэд, аж ахуйн нэгжид сумын ЗДТГ-аас уриаллаа.


Мөн тэмцээн уралдаанд оролцож буй баг тамирчдын аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн төвийн авто замыг хэсэгчлэн хязгаарлах шийдвэрийг гаргажээ. Баялаг хотхоны уулзвараас Спорт хорооны уулзвар хүртэлх, Их номгон дэлгүүрийн гарцаас Хөгжимт драмын театр хүртэлх замын хөдөлгөөнийг 2023.06.29-ний өдрийг дуусталх хугацаанд  08.00–20.00 цагийн хооронд зорчих авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлана.




Түүнээс гадна наадамд оролцогч хүүхдүүдийг 9 цэгт зургаан цахилгаан автобус хүргэж үйлчлэхээр болжээ. Ингэхдээ хоёр чиглэлд гурав гурваар 20 минутын зайтай хүүхдүүдийг тээвэрлэнэ. Дээрх автобусаар  09.00-20.00 цаг хүртэл үнэ төлбөргүй зорчуулах аж.


Наадмын тэмцээн болох 13 цэгт эмнэлгийн тусламж үйлчилгээний баг тогтмол ажиллаж, тамирчдын эрүүл мэндэд хяналт тавина.


Сонирхуулахад, Баянхонгор аймаг дахь зочлох үйлчилгээний байгууллага, аялал жуулчлалын талаарх мэдээллийг хүн ихээр төвлөрдөг зах худалдааны төвүүд, спорт заалны үзэгдэх орчинд байршуулжээ. Тус КюАр кодыг уншуулан тухайн мэдээллийг авах боломжтой.



Related news