ЗАВХАН: Зуны аяллаа анагаах шидтэй Хаг нуурын эрэгт өнгөрүүлээрэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-05 13:47:48

Улиастай /МОНЦАМЭ/. Энэ зун Завхан аймгийг зорих гэж байгаа бол тус аймгийн нутагт орших онцгой, анагаах увидастай нууруудыг үзэж сонирхоорой. Мэдээллийг цувралаар хүргэж байна.


Завхан аймгийн тухайд, нийт нутаг дэвсгэрийн 0,98 хувь буюу 81045 га талбайг усны сан бүхий газар эзэлж байна. Үүнээс 63.4 хувь буюу 51045 га талбайг гол, 36.6 хувь буюу 29491 га талбайг нуур цөөрөм, тойром эзэлдэг. 2022 оны судалгаа, тооллогоор Завхан аймагт 310 гол, 210 нуур тойром бүртгэгдсэн байна.  


Гэрэл зургийг: А.Мөнгөнбагана


Олон хүн хошуурч, цугладаггүй, байгалийн сайхан нуугдсан үзэсгэлэнт нуурын аяллыг сонирхогчид цөөнгүй. Нуурын аялал нь хөлгүй далай, түргэн урсгалт голуудад аялснаас хавьгүй намдуу тайван байдаг аж. Экстрим аялагчид нуурыг тэр бүр зүглэдэггүй бол гэр бүлээрээ аялж буй хүмүүс нуурын эрэг дээр амрахыг илүүд үздэг байна.


Монгол улсад 50 километрээс дээш хэмжээтэй, хавтгай дөрвөлжин мандал бүхий 25 нуур бий. Үүнээс Увс, Хөвсгөл, Хар-Ус, Хяргас, Буйр зэрэг нь талбайн хэмжээгээрээ тэргүүлдэг аж. Мөн огт хөлддөггүй, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Амтат нуур болон эмчилгээний эрдэс бодисоор баялагМөн Завхан аймгийн Яруу сумын Хаг нуур гээд эрдэс баялгаар арвин жижиг нуурууд цөөнгүй. 


Гэрэлд зургийг: Д.Бат-Оргил


Эдгээр нууруудаас Яруу сумын нутагт орших гадагш урсгалгүй Хаг нуурыг онцолж байна. Хаг нуур нь Яруу сумын Эрээн хайрхан, Мандат хайрхны хоорондох хөндийд, аймгийн төв Улиастайгаас 65 км-т, Улаанбаатар хотоос 1055 км-т оршдог.


Хяргас нуур, Завхан голын сав газрын судалгаанд өгүүлснээр, Хаг нуурт Хавчиг, Галтын горхиуд цутгадаг. Нуурын ашиглалт хэрэглээний чиглэл нь малын унд, эмчилгээний шавартай. Нуурын усан мандлын талбай нь 79.2 м.кв, нуурын урт нь 7.3 км, өргөн нь 1.1-1.6 км, сунаж тогтсон нуур юм. Нуурын ус нь давстай, малын тэжээл болдог аж.  


Хаг нуурын гурван гайхамшгийг нутгийн иргэдийн өгүүлснээр, нуурын усаар юм угаахад ямар ч савангаас дутахааргүй өнгө оруулдаг аж.

Мөн зуны дэлгэр цагт нутгийн малчид малаа булхуулдаг бөгөөд малын тарга тэвээрэг нь сайн хадгалагддаг байна.

Түүнчлэн нуурын шаварт нь орж суух юмуу түрхэхэд арьсны маажуур, тууралт, арьсны харшлын төрөл бүрийн өвчинд тустай гэдгээрээ алдаршсан ажээ.


Яруу сум Ханжаргалант хайрхан  Гэрэл зургийг: П.Батарзоригт


Та Хаг нуурыг зорих бол Улаанбаатар хотоос 1055 км замыг засмал замаар туулж, Тэлмэн сумаас Яруу сум хүртэлх 150 орчим км замыг шороон замаар туулж хүрнэ.

Хаг нуурын эрэгт жуулчны бааз, амралтын газар байдаггүй. Нуур нь Яруу сумын төвөөсөө 8 км учир өөрт хэрэгтэй аяллын нэмэлт зүйлс, амтат хоол, буудлын үйлчилгээг та сумын төвөөс нь авах боломжтой юм.


Нутгийн иргэд Хаг нуурыг “нандин эрдэнэ, амьд ус-Биндэрьяа нуур” хэмээн жил бүр тахин шүтдэг уламжлалтай. Тиймээс та тус нуурт амарч зугаалахдаа ил задгай хогоо хаяж бие засахгүй байхыг сануулж байна. Тус нуурын эрэгт зориулалтын хогийн цэг, бие засах газартай аж.


Ташрамд, нуурын үзэсгэлэнт зургуудыг сонирхох бол “Элсэн дундах хөх сувд”-аас үзэж болох юм. Завхан аймгийн үзэсгэлэнт байгалийн гайхамшгийг харуулсан гэрэл зургийн номыг 2017 онд хэвлүүлэн гаргасан.


"Элсэн дундах хөх сувд" нэртэй энэхүү номд Завханы түүх соёлын өв, байгалийн дөрвөн улирлын өнгийг гэрэл зургийн дуранд буулгаж зурагт ном болгон харуулжээ. Номыг англи, монгол тайлбартайгаар хэвлэсэн аж.


Номд орсон 50 шахам гэрэл зургийг Завханы гэрэл зурагчин А.Мөнгөнбагана, н.Эрдэнэцогт нар Завхан нутгаараа тойрон аялж буулгасан байдаг. Тус номыг Завхан аймагт аялах дотоод болон гадаадын жуулчдад хөтөч болох төдийгүй хүүхэд залуучуудад нутаг орныхоо үзэсгэлэнт байгальтай номын хуудсаар дамжуулан танин мэдэх ач холбогдолтой юм хэмээн номыг бүтээгчид хэлж байв. Та Завхан нутгаар аялах гэж байгаа бол дээрх номыг заавал олж хөтчөө хийгээрэй. 

Related news