ЗАВХАН: Түүхэн ойн наадмын үеэр хогийн цэгийн тоог нэмж хоггүй наадна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-05 16:32:48

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг 100 жилийн ойгоо хоггүй угтахаар Улиастай сумын эргэн тойронд үүсээд удсан найман том хогийн цэгийг цэвэрлэжээ.


Түүхэн ойгоо бид хоггүй угтах, баяр наадмын үеэр хүртээмжтэй хогийн цэгүүдийг байршуулах, тухай бүр нь ачиж зайлуулах ажлыг эрчимтэй хийж байна. Эхний ээлжид Улиастай сумын эргэн тойронд үүсээд удсан найман том хогийн цэгийг цэвэрлэж, ачуулах ажлыг хийгээд байна.




Засгийн газраас 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгож зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 02, 04 дүгээр албан  даалгавар гарсан. Зочлох жилийн хүрээнд орон даяар их цэвэрлэгээг эхлүүлсэн аж.


Улиастай сумыг тойруулан иргэдийн дур мэдэн үүсгээд удсан найман том хогийн цэг нь газрын хөрс, иргэдийн эрүүл мэнд, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөөр удаж байгаа.

Түүхт ойгоо зорин ирэх зочдод ч энэхүү дүр зураг таагүй харагдах нь ойлгомжтой юм. Тиймээс аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, Хот тохижилт үйлчилгээний албанд үүрэг өгч, эдгээр хогийн цэгүүдийг цэвэрлүүлэх. Хогийн цэгүүдийг цэвэрлэж, камержуулах ажилд зориулсан төсвийг яаралтай шийдвэрлэснээр дээрх ажил бодит үр дүнгээ өглөө.


Олон жилийн хур хогтой нийт 26,4 га талбайн 650 метр куб хогийг нэгдсэн хогийн цэг болох Таван чихийн аманд тээвэрлэн хүргэж устгасан. Мөн үндсэн бус хогийн цэг дахин үүсэх эрсдлийг тооцож, хэд хэдэн газарт камерын хяналт суурилуулсан.



Тиймээс иргэд ухамсартай байж, гуу жалга, суваг шуудуу бараадуулан хог хаядгаа болихыг сануулж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Түүхэн ойн баяр наадмын үеэр хогийн сав, цэгийн тоог нэмж хоггүй наадна

Тухайлбал Улиастайгаас орж гардаг дөрвөн чиглэлд зөөврийн чиргүүл бүхий хогийн сав байршуулж тухай бүр нь ачиж зайлуулна.

Мөн наадмын талбайн 12 хаалга бүр дээр суурин хогийн сав, зөөврийн хоёр чиргүүл бүхий хогийн савыг байршуулна. Ингэхдээ ангилан ялгалтын хогийн савыг байршуулах юм. Түүнчлэн, морь барих талбай, сурын талбайд тус бүр хоёр зөөврийн чиргүүл бүхий хогийн савыг байршуулахаар бэлтгэж байна.



Наадмын үеэр Хот тохижилт үйлчилгээний албанаас байцаагч, ачигч, жолооч, зам талбайн үйлчлэгч, нийтийн сууцнуудын орцны үйлчлэгч гээд 34 хүн ажиллана.


Харин Улиастай сумын төвд нийтийн эзэмшлийн зам талбайд нийт 22 ширхэг торон хогийн сав, орон сууцуудын гадна талбайд нэмж 8 хогийн сав бүхий цэгийг байршуулах юм. Тиймээс иргэдийг хогоо хогийн саванд нь ангилж ялгаж хэвшихийг уриалж байна гэж аймгийн Хот тохижилт үйлчилгээний албанаас мэдээлэв. 

Related news